Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцад холбогдуулан ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлын талаар мэдээлэл хийв. Нэр бүхий иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шилжүүлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг Өргөдлийн байнгын хороонд ирүүлэхийг мэдэгдсэн ба Нийслэлийн прокурорын газраас өргөдөл, гомдолтой танилцаж, холбогдох шалгалтыг явуулж, шалгалтын үр дүнг эргэн танилцуулах тухай хариу ирүүлснийг дурьдлаа.
Түүнчлэн Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав.
Засгийн газарт чиглэл өгсөн Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг шалгах, хийсэн ажилтай газар дээр нь танилцах чиглэлээр агаарын бохирдол өндөртэй Нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт ажиллаж, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын хэрэгжилтийг сонсон, тодорхой шийдвэрүүдийг гаргуулсан талаар мөн ярив.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас сургууль, цэцэрлэгүүдийн анги танхим болон эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж дөрвөн тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг гаргуулж ажилласан тухайгаа мэдээлсэн юм.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс