Сардаа нэг сая төгрөгийн цалинтай хүн. Энэ нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлж байна. Гэхдээ гар дээрээ яг нэг саяыг авахгүй. Бодит байдал дээр 100 мянгыг нийгмийн даатгалд, 83 мянгыг татварт өгөөд гар дээрээ 817 мянган төгрөг авдаг. Байлаа. Үүгээрээ нөгөө зээлээ, ахуйн хэрэглээгээ зохицуулна л даа. Тэгвэл одоо татвар нэмэгдснээр 110 мянгыг нийгмийн даатгалд, 82 мянгыг татварт өгөөд гар дээрээ 808 мянган төгрөг авах аж. Харахад нээх сүртэй өөрчлөлт байхгүй мэт.
Нийгмийн даатгалын шимтгэл өссөн шалтгаан нь хэзээ ч авахгүй байж мэдэх тэтгэврийн даатгалын хураамж нэмэгдсэнтэй холбоотой. Тэтгэврийн нас шатлалтай буюу жилээс жилд өссөөр байгаа. Магадгүй одоо шимтгэл төлж байгаа бид ирээдүйд тэтгэвэр авч амжихгүй хадан гэртээ очиж ч болзошгүй.
Нийгмийн даатгалын шимтгэл энэ жил 11 хувь, ирэх жил 11.5 хувь, 2020 онд 12.5 хувь болж жилээс жилд өснө. Өсөх тусам бидний төлөх төлбөр л нэмэгдсээр байх болно. Энэ л өнөөгийн татварын нэмэгдлийг эсэргүүцэх гол шалтгаан болоод байна.