Налайхын бичил уурхайнуудыг хаах эсэхийг иргэдээр нь шийдүүлнэ


Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлогчдын асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ажлын хэсгийн хуралдаан зарлаж зөвлөлдөх уулзалт хийлээ. Холбогдох яамдаас Засгийн газрын хуралдаанд Налайх дүүрэгт хууль бусаар олборлолт явуулж буй нүүрсний цооногуудыг хаах санал ирүүлсэнтэй холбоотойгоор 2017 оны 12 дугаар сард ЗГХЭГ-ын даргын тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн эрүүл мэнд амь нас хохирох явдлыг таслан зогсоох санал зөвлөмж гаргах зорилгоор тус дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж гарсан саналыг илтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.
Энэ дагуу МХЕГ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын баг Налайх дүүргийн нүүрс олборлогч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж урьдчилсан дүгнэлтийг гаргаад байна. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтөй 30 аж ахуй нэгж 102 аманд цооног гарган 200 гаруй ажилтантай нүүрс олборлолт явуулж байна. Нүүрс олборлож байгаа ажилчдын албан ёсны тоо 200 гаруй гэх боловч аж ахуй нэгжийн эзэдтэйгээ гэрээ хийх зэрэг байдлаар нийт 1200 гаруй иргэн нүүрсний цооногуудад өдөр тутам ажиллаж байгаа ажээ.

1999 оноос өнөөдрийг хүртэл 237 хүн нас барснаас сүүлийн 10 жилд 103 нь амь насааа алджээ. Иргэдийн амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй, уурхайн үйл ажиллагаа явуулах норм стандарт мөрдөөгүй цооногт гар аргаар нүүрс олборлосноос агааргүйдэж, нуралт үүссэнээс, татлага ган байхгүйгээс үүдэлтэй юм.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор чиглэл чиглэлээр ажиллаж нэгдсэн санал дүгнэлтээ ирэх долоо хоногт гаргаж, Үндэсний Статистикийн хорооноос Налайх дүүргийн иргэдээс уурхайн цооногуудийг хаах эсэх асуудлаар санал асуулга явуулж танилцуулахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …