Төвбанканд 1.1 сая төгрөгийн цалинтай захирал ажилд авна

Дэлхийн аль ч улс оронд ийм цалинтай захирал байхгүй л дээ. Тэр тусмаа төвбанканд. Харин манай төвбанкны захирлууд 1.1 саяхан төгрөгийн цалинтай. Үүнээс татвараа төлөөд гар дээрээ өчүүхэн хэдэн төгрөг авдаг бололтой юм.  Хөөрхий дөө. Бүр өрөвдөж орхилоо. Ийм ядарсан цалинтай хүн яаж Монгол Улсын төгрөгийн бодлогыг тодорхойлох юм бэ. Тийм биз дээ. Тэгсэн хажууд нь арилжааны банкны захирлууд 200-гаад сая төгрөгийн цалин аваад, дээр нь урамшуулал энэ тэр гээд тэнгэрийн амьдралаар амьдардаг гэж байна шүү.

Тиймээс УИХ-ын зарим гишүүд “Төв банкны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байгаа юм. Эдгээр гишүүдийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр төвбанкны захирлын зовлонг ихэд ойлгож “Суутгалаа өгөөд гар дээрээ бага мөнгө авдаг” гэгчлэнгээр өрөвдөн ярьж л дээ. Тэгсэн үргэлжлүүлэн төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Цалин бага байна. Гэхдээ маргаан үүсгэнэ гэдгийг мэдсэн бол ийм санал оруулахгүй байсан юм” гээд “тунирхсан” байна.

Яасан ч ядарчихсан төр вэ. Яасан ч ядмаг зүйл ярьдаг засаг вэ. Ичмээр биш гэж үү. Монгол Улсын төвбанкны захирал нь “миний цалин бага байна нэмээд өгөөч” гээд бараг л “гуйлга гуйсан” байна. Тэгсэн гишүүд нь “үгүй шүү” гээд маргаан дэгдээгээд байна гэнэ үү. “За яршиг дөө” ингэж байхаар сардаа 1.1 сая төгрөгөөс суутгалаа өгчихөөд амьдралаа болгоод яваа Монголын мянга мянган залуус дунд төвбанкны Ерөнхийлөгч хийчих хүн олдох байлгүй дээ. Тэгээд ч төв банкны жирийн ажилтан Ерөнхийлөгчөөсөө өндөр цалин авдаг юм чинь энэ цалингаа голоод байгаа улсуудыг тийш нь л томилчихьё. Асуудал юу байна. Тэгээд УИХ-ын хайран цаг хугацаагаа даварсан нефть импортлогч, даруулгагүй утааны асуудалд зарцуулбал дээргүй юу.


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …