Ж.Алдаржавхлан:480 хүүхдийн цэцэрлэгийг дүүргийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан

 

Нийслэлийн Удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ. Эко дүүрэг болох зорилт тавьсан Хан-Уул дүүргийн хувьд батлагдсан төсөв,  дүүргийн хөрөнгө оруулалтаар багагүй ажил хийсэн тухайгаа танилцуулсан. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамтран нэлээдгүй ажил хийсэн байна. Тохижилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр тус дүүрэг олон ажил хийжээ. Тухайлбал, “Хоггүй Хан-Уул, хоггүй хороо” аяныг эхлүүлж 16 удаагийн цэвэрлэгээгээр нийт 922.804 м2 талбайн 49 үүсмэл хогийн цэг арилгаж, 1177 тн хог хаягдал зөөж тээвэрлэсэн байна. Мөн Хог ангилан ялгах үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна. Одоогоор сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагуудыг хамруулан хог ангилан ялгах ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Энэ онд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгж, СӨХ-үүдэд хог ангилан ялгах ажлын II дахь үе шатыг эхлүүлэх юм байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өнгөрсөн онд “Эко орчин-ногоон байгууламж” аянд 32 сургууль, 108 цэцэрлэг, 917 өрх, 231 аж ахуй нэгж, байгууллага оролцож нийт 36.320 ширхэг мод бут сөөг тарьсан хэмээгээд “Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Таван богд групп, ХААН банк, АПУ ХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран Чингисийн өргөн чөлөө дагуу 140 шилмүүст мод тарьсан” хэмээн тодотгов. Мөн тэрбээр “3 дугаар хорооны нутагт байрших 46 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж, 480 хүүхдийн цэцэрлэгийг Дүүргийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан” гэдгээ танилцуулсан. Түүнчлэн дүүргийн ЗДТГ-ын дэргэд 2 бүлэг, 60 хүүхэдтэй Эко цэцэрлэг нээсэн хэмээн танилцууллаа.

Төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр тус дүүрэгт дуудлага мэдээлэл хүлээн авах төв байгуулсан байна. Тус төв өдөрт дунджаар 100 гаруй санал, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авч байгаа аж. Мөн Нэг цэгийн жишиг үйлчилгээний төвийг шинэчлэн нээсэн байна. Уг төвөөр өдөрт 200-300 иргэн тогтмол үйлчилгээ авч байна. Төрийн үйлчилгээний мэдээлэл лавлагаа, банк, эд хөрөнгийн бүртгэл, нотариат , кадастр, зурагчин, канон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, ТҮЦ машин, даатгал зэрэг 10 гаруй  төрлийн үйлчилгээг тус төв иргэдэд хүргэдэг аж.

Цаашид шийвэрлэх зайлшгүй шаардлагатай асуудлаа Засаг дарга Ж.Алдаржавхлан танилцуулсан. Тус дүүргийн 2, 3, 4, 5, 6 10, 11, 12, 13 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны дахин төлөвлөлтийн ажлын гүйцэтгэгч нь шалгараагүй буюу гүйцэтгэгч тодорсон боловч ажил нь эхлээгүй багцуудын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа аж. Мөн зарим хороонд хүн ам хэт төвлөрч төрийн үйлчилгээг тэгш, жигд хүргэх боломж алдагдаж байгаатай холбоотойгоор хороог хуваах санал гаргаж байгаагаа энэ үеэр хотын даргад уламжилсан юм.

Танилцуулгын дараа хотын дарга С.Батболд “Хан-Уул дүүрэг эко дүүрэг болохоор зорьж нэлээд ажил хийж хэрэгжүүлж байгаа. Сайн ч ажиллаж байна. Ялангуяа хог ангилан ялгадаг ажлыг дүүрэг бүр дэмжин ажил хэрэг болгох хэрэгтэй. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдэгдэх бүрэн боломжтой гэж харж байна. Төрийн үйлчилгээ иргэн бүрт жигд хүрч байх ёстой. Иргэдийн эрх ашгийн үүднээс хороо хуваах асуудлыг шийдэх ёстой. Мөн дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхэд холбогдох албан тушаалтнууд анхаарч ажилла” хэмээгээд “Дараагийн зөвлөгөөнөөр Сонгинохайрхан дүүрэг танилцуулга хийнэ. Бид өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулахын зэрэгцээ дүүрэгт хэрэгжиж байгаа сайн төслүүдийг бусаддаа танилцуулж, хэрэгжүүлэх нь чухал” гэлээ хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …