Нийслэлийн Засаг дарга зарим ажлын явцын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл авлаа. Олон Улсын ахмадын өдрийг угтан нийслэлийн Ахмадын хорооноос нийслэлийн “Тэргүүний ахмадын хороо”, зөвлөлийг тодруулна гэж нийслэлийн Ахмадын хорооны дарга Р.Банзрагч хэлсэн. Нийслэлийн Засаг дарга “Энэ өдөр өндөр настнууд руугаа чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй. “Ахмадын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд эхний ээлжинд 300 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, зайлшгүй шаардлагатай төрийн албан хаагч нарыг орон сууцанд оруулахаар төлөвлөсөн. Энэ ажлын явцын талаар тодруулахад “Бэрэн” ХХК 300 айлын орон сууцыг барьж байгаа. Гэвч чанарын шаардлага хангахгүй байгаа тул Улсын комисс хүлээж аваагүй. Зөрчлийг арилгуулахаар ажлын хэсэг ажиллаж байна” гэж Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун хэллээ.
Нийслэлд мал аж ахуй хөгжүүлэх бүс нутаг дахь мал, гэрийн тэжээвэр амьтдын намрын ээлжит вакцинжуулалт 80,9 хувьтай байна. Нийт 722,8 мянган малыг вацинжуулахаас 701,1 мянга нь вакцинжуулалтад хамрагджээ.Үүнээс шувууны вакцинжуулалт 100 хувь байгаа бол гахайн вакцинжуулалт 60,5 хувьтай төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг холбогдох албаныхан мэдээллээ.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтод Улаанбаатар хотод байнга болон түр хугацаагаар оршин суух иргэдийн бүртгэл мэдээллийн журам боловсруулж, мөрдөх заалт хэрэгжихгүй байгаа талаар нийслэлийн Бүртгэлийн газрын дарга С.Содномдоржоос мэдээлэл авлаа. “2013 оны эхний 8 сарын байдлаар 14 732 иргэн нийслэлд шилжиж ирснээс 12 054 насанд хүрсэн хүн, 2 678 хүүхэд байсан бол 2012 онд 19 887 иргэн ирснээс 15 634 нь насанд хүрсэн, 4 253 нь хүүхэд байсан. Харин хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан 8-р сард шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн байгаа. Цаашид нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлах талаар эрх зүйн хувьд боломж байхгүй. Хуулинд зөвхөн сонгуулийн үеэр л шилжилт хөдөлгөөн хийхийг зогсоодог” гэлээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч өвөлжилтийн бэлтгэл хангалтыг хурдасгаж, аливаа эрсдлийг тогтоон, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, албан байгууллага аж ахуйн нэгж 50 метр талбайгаа цэвэрлэх, тохижуулах тохижилтын журам хэрэгжихгүй байгаад онцгой анхаарах, Мод тарих үндэсний өдөр болох гэж байгаатай холбогдуулан төлөвлөгөө, зураг гаргаж ажиллах, Нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн газарт зөвшөөрөлгүй буусан иргэдийг нүүлгэж, зохих арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.