Сар шинийн баярыг тохиолдуулан “Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд Бямба гарагт нээгдлээ.
Алаг чихрийн оронд амтат ааруул идэцгээе “Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” ТББ-аас “Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбайд ирэх сарын 10-ыг хүртэл зохион байгуулах юм.
Үзэсгэлэн худалдааны нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцсон юм. Тэрбээр “Томоохон баяр наадмын өмнө аймаг, орон нутгаас Улаанбаатар хоттой хамтран үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажил тогтмолжиж байна. Энэ нь орон нутгууд бие биенийхээ бизнесийг дэмжих, ямар нэгэн шат дамжлагагүйгээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх маш сайн арга хэмжээ гэж үзэж байгаа юм.
Жишээлбэл, намар газар тариалангийн бүтээгдэхүүн, өвөл нь сүү цагаан идээгээ зарж борлуулах гэх мэт. Олон аймгаас үзэсгэлэн худалдаанд оролцох зэрэг янз бүрийн хүсэлт ирдэг. Тэдний дйилэнх нь брэнд бүтээгдэхүүнээ зарж борлуулах тогтмол үйл ажиллагаа явуулдаг газартай болох хүсэлтэй байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд аймаг, дүүргийн удирдлагуудыг хооронд нь холбож, газар, байрных нь асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтарч ажиллаж байна.
Бид бүхэн орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллах нь иргэдэд нэмэлт үнэгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн хүргэж буйгаараа маш их давуу талтай билээ. Түүнчлэн дотооддоо төдийгүй гадаадад олон төрлийн экспо зохион байгуулах шаардлагатай. Энэ нь эдийн засгийг дэмжихээс гадна Улаанбаатар хотын хувьд Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв болно гэсэн зорилтод нийцэж буй хэрэг юм” хэмээлээ.
Үзэсгэлэн худалдааны үеэр НЗДТГ-ын зүгээс төвийн 6 дүүргийн агаарын бохирдол ихтэй бүсэд орших цэцэрлэгүүдийн хэрэгцээнд 2.5 тонн буюу 5 сая төгрөг бүхий цагаан идээг худалдан авч, цэцэрлэгийн эрхлэгч нарт гардуулав.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд Архангай аймгийн 13 сумын 250 орчим малчин, цагаан идээ үйлдвэрлэгч оролцож байна. Тэд тус арга хэмжээг дэмжиж хамтран ажиллаж байгаа НЗДТГ болон Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын хамт олонд талархаж буйгаа илэрхийллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.