Их жанжны 125 жилийн ойгоор 125 гишүүн МАН-д элслээ

Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн өдрөөр Монгол Ардын намд шинээр элсэн орсон 125 хүн үнэмлэхээ гардан авлаа. Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн жилийн өмнө МАН-ын гишүүнээр элсэж, үнэмлэхээ гардан авч байсан. Тэгвэл энэ жил шинээр элсэгчдийг хүлээн авах арга хэмжээг хөтлөн явуулж байна. Түүнийг түр амс хийх зуур өнөөдрийн үйл ажиллагааны талаар сэтгэгдлийг нь хуваалцлаа.

Тэрээр “Монгол эх оронд Монгол хүн болж төрснийхөө, эрх, эрх чөлөөг олж авсныхаа түүхэн гавьяаг дурсан санах ёстой өдөр тохиож байна. Одоогоос 125 жилийн өмнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт Их жанжин Д.Сүхбаатар мэндэлсэн гэдэг. Монгол хүн болж төрөөд үүрэг хариуцлагын төлөө сонголт хийсэн гайхалтай өдрийг бид жил бүр тэмдэглэх болно. Хүн амьдралдаа цөөн сонголт хийдэг. Мэдлэг боловсрол, амьдралын хань, хүн болж төрсний үүрэг хариуцлагын төлөөх сонголтыг хүн хийдэг. Шинэ гишүүддээ баяр хүргэе” гэв.

Энэ үйл явдлын дараа МАН-ын удирдлагууд Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Ардын намын зүгээс “Ардын хувьсгалын он жилүүдэд тусгаар Монгол Улсыг байгуулах тэмцлийг өрнүүлж, Ардын нам, Ардын засгийг үүсгэн байгуулсан түүний гавъяаг бид мартах учиргүй, түүний үйл хэргийг хойч үедээ сурталчилан таниулах учиртай” гэдгийн онцолж буй юм. Энэ дагуу Д.Сүхбаатарын мэндэлсний ойг жил бүрийн энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Дамдины Сүхбаатарын хөшөөг МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1946 оны 13/3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулахаар шийдвэрлэжээ. 1946 онд төр засгийн нэрт зүтгэлтэн маршал Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ю.Цэдэнбал, С.Янжмаа, Б.Ширэндэв, Д.Дамба зэрэг нам төрийн удирдлагууд болон олон түмэн ард иргэд Ардын хувьсгалын 25 жилийнхээ ойгоор өөрсдийн хүч хөдөлмөрөөр Сүхбаатарын талбайг засан тохижуулж Д.Сүхбаатар жанжны морьт хөшөөг байрлуулж байжээ. Хөшөөг барималч С.Чоймбол бүтээсэн байна. Энэ хөшөө нь Монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөө гэдгээрээ онцлог бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2008 онд хөшөөг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ. 2011 онд хөшөөг анхны эх байдлаар бүхэлд нь шинэчилж, Д.Сүхбаатарын морьтой хөшөөг хүрэлджээ. Хөшөөний урт 4.1 метр, өргөн 1.85 метр, өндөр 10.62 метр, морьтой хөшөөний өндөр 4 метр аж.

Г.Нараа 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …