Шүүхийнхэн хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ТББ-тай хамтран ажиллана


Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газар “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Тус шүүхийн Тамгын газар энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан сонсголгүй, хэлгүй иргэдийг шүүхэд мэдүүлэх эрх, боломжоор хангах, тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх, сурталчлах ажлын хүрээнд дээрх гэрээг байгуулсан аж.

“Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллага нь Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны батламжтай, Монгол Улсын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ганц байгууллага юм. 2017 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давхардсан тоогоор 13, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давхардсан тоогоор 3 удаа орчуулагч, хэлмэрчийн үйлчилгээ үзүүлсэн байна.
Иймд уг хэрэгцээ шаардлагыг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын дарга Н.Батхүү тус төрийн байгууллагын тэргүүн Л.Соёлмаа болон бусад төлөөллийг урьж уулзан, хамтран ажиллах гэрээ байгуулсан аж.

Цаашид талууд гэрээний хүрээнд хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангах, тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх сургалт, уулзалт зохион байгуулах, сурталчилгаа явуулах, шүүхэд мэдүүлэх эрхийг нь хангахад чиглэсэн олон үйл ажиллагаанд хамтран ажиллахаар боллоо.

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …