Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна. Хурлаар “Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр буюу том оврын автобусыг үнэ төлбөргүй үйлчлэх тухай зохицуулалт хийх” асуудлыг хэлэлцэж байгаа юм. Баярын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Энэ ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийг баярын өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх асуудлыг Нийслэлийн удирдлагууд шийдвэрлэвэл иргэд талархалтай хүлээн авна гэж итгэж байна.
Хотын дарга энэ асуудлаар “Баярын өдрүүдэд хотын замын ачаалал нэмэгддэг. Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын төвөөс зах руугаа чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг. Үүнийг дагаж түгжрэл үүсч, иргэдийг бухимдуулах нь бий. Тиймээс нийтийн тээвэр илүү шуурхай, соёлтой үйлчилгээ үзүүлбэл замын хөдөлгөөний ачаалал багасч, иргэд үйлчлүүлэх нь нэмэгдэнэ гэж үзэж байна. Иргэдэд нийтийн тээврээр үйлчлүүлэх сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд үнэ төлбөргүй үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай. хэрэгтэй байна. Нийтийн тээврийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх үүднээс мөн нийслэлийн 1,300,000 иргэддээ сар шинийн баярын бэлэг болгож баярын 3 өдрүүдэд нийтийн тээврээр үнэгүй зорчуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн мэдэгдлийг хийсэн юм.
Хурлаар сар шинийн баярын өдрүүдэд хотын зарим хэсэгт авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул нийтийн тээврийн үйлчилгээг баярын өдрүүдэд буюу шинийн 1, 2, 3-нд үнэ төлбөргүй үйлчлэхээр шийдвэрлэлээ. Мөн хотын ойролцоох дүүргүүд Налайх, Биокомбинат зэрэг чиглэлд тухайн өдрүүдэд үнэ төлбөргүй явуулахаар зохицууллаа.