“Автобус гуравдугаар эгнээгээр зорчиж эхэллээ” постны тайлбар

Жирийн өдрүүдэд буюу цагаан сарын баяраас өмнө 21 дүгээр хороолол дахь гэрээсээ гараад нэгээс, нэг цаг гучин минут явж ажил дээрээ буюу хотын төвд ирдэг байлаа. Гэтэл цагаан сарын баяр болох гэж байгаатай холбоотойгоор иргэд Харин хорин захыг ихээр зорьж, өмнө нь ч түгжрэлтэй байдаг байсан нэгдүгээр хорооллын замыг бүр таг түгжиж орхилоо. Өнөөдөр ажил дээрээ яг гурван цаг 28 минут явж ирснээрээ шинэ дээд амжилтыг тогтоогоод байна. Надтай цуг автобусанд сууж, зарим үед хэд хэдэн буудал газар алхаж, тухайн үедээ бухимдаж байсан хүмүүс ч өнөөдөр өөрийн дээд рекордоо эвдэж чадсан болов уу.

Ханын материалын эцсээс Драгон, сүлжмэл, 32-ыг дамнаж, Хар хорин зах руу эргэх уулзвар хүртэл бүхэлдээ автомашины зогсоол үүсчихсэн гээд хэлчихэд буруудахгүй. Харин үүнээс цааш мултарч чадвал хөдөө зэлүүд газар яваа юм шиг л хурдлан давхих боломжтой. Гэхдээ энэ аймар зогсоолоос гарахын тулд үндсэндээ нэгээс хоёр цагийг зарцуулж байна.

21 дүгээр хорооллоос автобусанд суусан хүмүүс түгжрэлд удаан зогсохыг хүсээгүй учраас 32-ын автобусны буудал хүртэл алхацгааж хүн цуваа үүсгэнэ.

Гэтэл 32 дээр өнөөдөр лав автобус зогсохгүй бололтой. Бүгд гуравдугаар энгээнд жагсаж, ямх ямхаар урагшилна. Бас урагшлаад байгаа юм шүү. Харин автобусанд зориулсан нэгдүгээр эгнээнд Хар хорин руу орчих санаатай цагаан сарчид таг зогсчээ.

Нэгдүгээр эгнээ зогсоол болчихсон учраас хоёр ч бас зогсоол болох нь аргагүй. Харин гурав бол ямх ямхаар урагшлаад байгаа учраас тийшээгээ хамраа чихэх сонирхолтой таксичид их байвч манай нийтийн тээврийнхэн яг л гал тэрэг шиг хойно хойноосоо залгагдан дундуураа салхи ч сийгүүлэхгүйгээр гагнагджээ.

Үүнийг харсан хүн гайхаж зогссоны оронд Саппоро хүртэл алхачихсан нь шулуухан л даа. Ингэж явахдаа л ажил дээр очмогцоо “Хар хорин захыг нүүлгэх хэрэгтэй” гээд сүртэй зүйл бичнэ гэж бодож явлаа. Ер нь захуудыг нүүлгэж, хотоос гаргах нь түгжрэлийг сааруулах хамгийн зөв шийдэл. Гэхдээ Хар хорин зах бол тухайн үедээ л хотын зах байсан юм. Тухайн үед гэж хориод жилийн өмнөхийг яриад байна л даа.

Нарантуул орчимынхон ч бас түгжрэл гэх том асуудалтай тулалдаж, багшийн дээд хүртэл алхацгааж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Автобус нэгдүгээр хорооллын замаар гуравдугаар эгнээгээр зорчиж эхэлсэн гол шалтгаан энэ. Тэгэхээр та онцын ажилгүй л бол Хар хорин захыг тойрсон авто зогсоол руу зүглэхгүй байхыг хүсье. Цагаан сар дуусч, жирийн өдрүүд удахгүй ирнэ. Хавар дуусч, зун болж хот минь түгжрэх зовлонгүй болно. Тэр сайхан өдрийг хүртэл шүдээ зуухаас даа нийслэлчүүд минь.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …