Шивээс хийхэд ашигладаг бодис нь хүний биед хортой болохыг Их Британийн эрдэмтэд олж тогтоожээ.
Тус улсын Брэдфордын их сургуулийн судлаачдын тогтоосноор шивээсэнд ашигладаг бэхний хор нь хүний бие махбодод хуримтлагдаж, яваандаа хавдрын өвчлөл үүсгэдэг байж болзошгүй гэнэ. Бэхний нано хэсгүүд цусанд нэвтэрч, элэг, дэлүүнд хуримтлагдсаар бие махбодоос хортой бодис, хэрэггүй хог хаягдлаа гаргах чадварыг нь эрс бууруулдаг байна.
Түүнчлэн туршилтын явцад зарим салоны хэрэглэдэг шивээсний бэх канцероген агуулдаг болох нь батлагджээ. Тиймээс биедээ ямар нэгэн зураг зуруулахаасаа өмнө бэх, будгаа сайтар сонгох хэрэгтэйг эрдэмтэд анхааруулж байна.
Судалгааг удирдсан эрдэмтэн Десмонд Тобин “Шивээсний бизнест бэхний сонголтын тухай ямар нэгэн дүрэм журам гэж байдаггүй. Гэтэл судалгааны явцад улаан өнгийн бэх хар тугалга, ногоон, хөх нь кобальт, хорт хавдар үүсгэгч металлууд агуулагддаг болох нь тогтоогдсон” гэжээ.
Тэгвэл Копенгагены их сургуулийн арьсны өвчин судлалын профессор Йорген Серапын явуулсан өөр нэгэн судалгаагаар Европт шивээс хийхэд ашигладаг 21 төрлийн бэхний 13-т нь канцероген бодис илэрсэн байна. Тиймээс шивээсний салонууд үйлчлүүлэгчдэдээ бэхний найрлагыг сайтар уншиж танилцуулах хууль гаргах хэрэгтэй гэж судлаач тэмдэглэжээ.
Дашрамд дурдахад АНУ-ын судлаачид хоёр жилийн өмнө хар бэхнээс бензопирен хэмээх бодис илрүүлж, шуугиан тарьж байсан түүхтэй. Энэ бодисыг амьтан дээр туршиж үзэхэд арьсны хорт хавдар үүсгэж байсан аж.