З.Цэдэнжав:Эрчим хүчний төлбөр тооцоотой холбоотой гомдол гаргахдаа харьяалах хангагч байгууллагад хандах хэрэгтэй

Эрчим хүчний зохицуулах хорооноос “Дулаан орчин-Хэрэглэгчийн ая тух” сэдэвт аяныг зохион байгуулсан. Энэхүү аяны хүрээнд болон дулаан түгээх, хангах үйл ажиллагаанд авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар тус хорооны Тусгай зөвшөөрөл, хяналтын газрын дарга З.Цэдэнжаваас тодрууллаа.

– Дулаан түгээх, хангах үйл ажиллагааг ямар тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эрхлэх талаар холбогдох хуулиудад заасан байдаг вэ? Заавал тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах уу.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрчим хүчний тухай хуулийн дагуу дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эрхэлнэ гэж заасан.

-Ер нь 2017 оноос өмнө дулаанаар хангах тусгай зөвшөөрөлгүй орон сууцны компаниуд зөвхөн “УБДС” ТӨХК-тай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан гэдэг мэдээлэл бий. Үүнээс үүдэн хэрэглэгчдийн гомдол санал ч их гардаг байсан. Энэ асуудлыг Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулинд заасны дагуу 12 төрлийн тусгай зөвшөөрөл олгодог. Тусгай зөвшөөрлүүдийг олгохдоо Хорооны 2014 оны 190 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын бодлого, чиглэл”-ийг баримталдаг. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй 300 гаруй иргэн, хуулийн этгээд эрчим хүчний зохицуулалтад хамрагдахгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байсан. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний Сайдын зөвлөлийн хурлын 2017 оны 2 дугаар тэмдэглэлээр тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдүүдтэй дулаан худалдах, худалдан авах гэрээ хийхийг зогсоох, Эрчим хүчний тухай хуульд нийцүүлж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хороо болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д даалгасан. Улсын Их Хурлын гишүүдэд нийслэл, орон нутгийн иргэдээс орон сууцны конторуудын үйл ажиллагаатай холбоотой олон өргөдөл гомдол ирсэнтэй холбогдуулан манай Хороонд Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зөвлөмж ирүүлсэн. Уг зөвлөмжид тусгай зөвшөөрөлгүйгээр хувийн хэвшлийн орон сууцны ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүдийг Эрчим хүчний тухай хуульд нийцүүлэх, хэрэгжилтийг хангах, тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, шинээр ашиглалтад орж буй нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барьсан тохиолдолд эрчим хүчний дэд станц, шугам тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх зэрэг асуудлыг тусгасан юм.

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны зөвлөмж, Эрчим хүчний Сайдын зөвлөлийн хурлын шийдвэр зэргийг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 107, 108 дугаар тогтоолуудаар “УБДС” ТӨХК-д дээрх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэн ажиллах үүрэг өгсөн. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс өнгөрсөн онд 45 хуулийн этгээдэд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоод байна. Тусгай зөвшөөрөлгүй дулаан түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлж байсан компаниудын үйл ажиллагааг Эрчим хүчний тухай болон бусад хуульд нийцүүлэх ажлуудыг өнгөрсөн 2017 онд хийсэн бол 2018 онд эдгээр компаниудын техник, эдийн засгийн чадавхийг сайжруулах ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

-Эрчим хүчний зохицуулах хорооноос “Дулаан орчин-Хэрэглэгчийн ая тух” сэдэвт сарын аяныг зохион байгуулсан байна. Аяны хүрээнд ямар ажлууд хийв?

-Эрчим хүчний зохицуулах хороо “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран өвлийн оргил ачаалал эхлэхийн өмнө “Улаанбаатар хотод дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт-зөвлөгөөн”-ийг 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулсан. Тус зөвлөгөөнөөр тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй хуулийн этгээдийн удирдлага, инженерүүд зэрэг 140 гаруй төлөөлөлд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Мөн 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн “Дулаан орчин-Хэрэглэгчийн ая тух” сэдэвт хэрэглэгчийн сарын аяныг зохион байгууллаа. Энэхүү аяныг зохион байгуулснаар хэрэглэгчдийг 2017-2018 оны халаалтын улиралд ая тухтай дулаан өвөлжих нөхцлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн ажлуудыг зохион байгууллаа. Аяны хүрээнд Нийслэл хотод дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй орон сууцны ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн хэвшлийн 39 компани, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын харьяа 3 “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн нийт 82 ус, дулаан дамжуулах төв /УДДТ/-ийн тоноглолын бэлэн байдал, автомат ажиллагаа, горим барилт, хэрэглэгчийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, диспетчерийн үйл ажиллагааг газар дээр нь үзэж шалгасан. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, заавар зөвлөмж өгөх зэрэг багагүй ажлуудыг хийж байна.

-Шалгалтын явцад ямар зөрчил, дутагдал илэрсэн бэ? Зөрчил дутагдал гаргасан байгууллагуудтай ямар хариуцлага тооцох вэ?

-Гэнэтийн үзлэг шалгалтын явцад зарим тусгай зөвшөөрөл эзэмшигчид халаалт, хэрэгцээний халуун усны удирдлагын автомат самбар дээр температурыг багасгаж тохируулсан, өгөх шугамын таслах хаалтыг дарж даралт зарцуулалтыг багасгасан, батлагдсан график мөрдөөгүй. Мөн горим ажиллагааны батлагдсан графикгүй, гидравликийн горим тооцооны дагуу тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг хийдэггүй, түүнээс шалтгаалан ус дулаан дамжуулах төв /УДДТ/-үүдэд ойр хэрэглэгчдээр богино эргэлт үүсэж, төгсгөлийн хэрэглэгчдийн дулаан хангамж доголдож байна. Мөн УДДТ-ийн механик болон химийн цэвэрлэгээний ус зөөлрүүлэх тоног төхөөрөмж, гадна агаарын датчик ажиллагаагүй, шугам хоолойн дулаалга хангалтгүй дулаан алдагдал ихтэй, хэрэгцээний халуун усны температур тохируулах автомат хаалт ажиллагаагүй байсан зэрэг олон зөрчил, дутагдал илэрсэн.

Шалгалтын явцад дээрх зөрчил дутагдлыг газар дээр нь арилгаж горим тохируулгыг хийж, хагас хаалттай хаалтуудыг нээлгэж, хэрэглэгчийн гомдол санал дуудлага, барагдуулалтыг шалгаж шийдвэрлэлтэнд хяналт тавьж ажиллалаа.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдлыг арилгах талаар дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2018 оны зорилтод тусгаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Мөн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа, техник технологи, боловсон хүчний чадавхыг сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулах, “УБДС” ТӨХК-тай байгуулж буй гэрээнд худалдан авах дулааны эрчим хүчний хэмжээг сар, жилээр төлөвлөж батлах зэрэг ажил хийхээр төлөвлөж байгаа.

-Хэрэглэгчид дулааны эрчим хүчтэй холбоотой гомдол саналаа хаана гаргаж шийдвэрлүүлэх ёстой вэ?

-Эрчим хүчний зохицуулах хорооны үндсэн зорилгын нэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах явдал байдаг. Мөн Эрчим хүчний тухай хуулийн дагуу өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харъяаллын дагуу шийдвэрлэдэг. Хэрэглэгчид эрчим хүчний чанар хангамж, хэрэглээ, төлбөр тооцоотой холбоотой гомдол гаргахдаа эхлээд харьяалах хангагч байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Хэрвээ асуудлыг шийдвэрлээгүй, буруу шийдсэн гэж үзэж байвал Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж болно.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …