УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Мөн түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар мөрдөгч болон прокурорын газраас хэд хэдэн удаа дуудсан боловч ирээгүй гэж Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман ярилцлагадаа дурджээ.
УИХ-ын гишүүн Д.Гантулга нь 2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр иргэн Н-г хүчирхийлсэн гэх хэргээр ийнхүү яллагдагчаар татагдаад байгаа юм. Гэвч яллагдагчаар татагдсан тогтоолоо очиж аваагүйгээс болоод хуулийн байгууллага албадан ирүүлэх арга хэмжээнд шилжихээр болоод байгаа аж.
Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулгын холбогдсон хэрэгтэй холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн холбогдох албан тушаалтан, шинжээч нар худал дүгнэлт гаргасан гэх асуудлаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа юм.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Д.Гантулга хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хуулийн байгууллагын ажилд хүндэтгэлтэй хандана гэж итгэж байна. Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүн, Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн хэн ч бай прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд ирэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр хууль баталж буй УИХ-ын гишүүн хүн үлгэр жишээ байж хуулиа сахин биелүүлнэ гэж итгэж байна.
Үгүй бол хуульд заасны дагуу баривчлагдахаас өөр яах билээ.