“Монголын сонгодог бүтээлүүд” нээлтээ хийлээ

Монгол Ардын Намын үүсгэн байгуулагдсаны 97 жилий ой “Эх орончдын өдөр”-т зориулсан “Монголын сонгодог бүтээлүүд” уран зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Монголын уран зургийн галерейн захирал А.Янжив нар оролцлоо.

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Та бүхэндээ Монголдоо төдийгүй Төв Азидаа анхдагч болж, ард түмний захиалга, хүсэлтээр бий болсон улс төрийн ууган хүчин Монгол Ардын намын 97 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ бол зөвхөн Монгол Ардын Намын баяр биш энхийн цагт эх орныхоо хөгжлийн төлөө хөлс хүчээ урсгасан бүх ард түмний баяр юм. Тийм ч учраас энэ өдрийг “Эх орончдын баярын өдөр” болгон тэмдэглэх болсон” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн “Монгол Ардын Нам алдаа оноо ээлжилсэн 97 жилийн түүхийн нугачаанд явж өдийг хүрснээс Монгол Улсын тусгаар тогтнолоо хамгаалан авч ирж чадсан нь хамгийн том ололт амжилт юм” хэмээлээ.

Мөн энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “улс төрийн ууган хүчнийхээ хувьд Монгол Ардын Нам улс орныхоо бүх цаг үеийн түүх, монголын ард түмний бүтээсэн баатарлаг үйлсийг хойч үеийнхэндээ танин мэдүүлж, өвлүүлэн үлдээх ёстой. Тийм учраас Монгол Ардын Намын 97 жилийн ойн босгон дээр БСШУСЯ, Монголын уран зургийн галерей хамтран Монголын улс төрийн болон Монгол орны түүхийг харуулсан уран зургийн үзэсгэлэнг нээж байна” гэдгийг хэлсэн юм.

Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт орчин цагийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн 4000 гаруй үзмэр хадгалагдаж байгаа аж. Эдгээрээс хувьсгалын түүхэн хөгжил, бүтээн байгуулалт, хувьсгалын гол төлөөлөгчдийг харуулсан 70 гаруй шилдэг үзмэрийг “Монголын сонгодог бүтээлүүд” үзэсгэлэнд дэлгэж үзэгчдийн хүртээл болгоод байна.  

Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 06-ныг хүртэл үргэлжилнэ.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …