МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “Эх орончдын өдөр”-т зориулсан мэндчилгээг хүргэж байна.
Эв санаа нэгт эрхэм журмын нөхөд өө!
Та бүхэндээ эх орончдын баяр, Монгол Ардын нам байгуулагдсан түүхт ойн өдрийн мэнд хүргэе!
Өдгөөгөөс 97 жилийн тэртээ энэ л өдрүүдэд Монголын эх орончид Дээд Шивээд хуралдан, 1920 онд “суурийг нь тулсан ган тулгандаа Монгол Ардын намын галыг бадамлуулан асааж” байсан түүхтэй. 1921 оны 3-р сарын нэгнээс гуравны өдрүүдэд хуралдсан их хурлаар Монгол Ардын намыг албан ёсоор эмхлэн байгуулж, намын мөрийн хөтөлбөрөө батлан, намын дарга, төв хорооны гишүүдээ сонгож байжээ. Энэ бол Монголд төдийгүй Төв Азид анхны улс төрийн хүчин үүссэн түүхэн үйл явдал байсан юм.
Алдагдаад байсан тусгаар тогтнолоо буцааж авчрах ариун үйлс амар хялбар байгаагүй. Энэ үйл хэргийн төлөө олон арван эрэлхэг эх орончид халуун амь, бүлээн цусаа зориулсныг хойч үе нь ямагт санан дурсаж, алдар гавьяаг нь мөнхлөн дуурсгаж явах учиртай. 1924 онд анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхаглан, 1945 онд бүх нийтийн санал асуулга явуулж тусгаар улс болохыг Монголын ард түмэн 100 хувь дэмжин, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн гэж хүлээн зөвшөөрөгдснөөр ардын хувьсгалыг эхлүүлсэн, удирдсан эх орончдын үйл хэрэг биеллээ төгс олсон юм.
ХХ зууны эхэнд хоцрогдол доройтлын туйлд хүрээд байсан Монгол орныг НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, ард иргэд нь эрх чөлөөтэй ардчилсан улс болгосон бахархам түүх МАН-тай салшгүй холбоотой. Товчхондоо, МАН-ын түүх бол Эх орончдын түүх гэж хэлж болно. Энэ түүх өдөр бүр сайн сайхан үйл явдал, сайн сайхан хүмүүсийн намтраар баяжиж байна. Иргэний үүргээ бүрэн ухамсарлан биелүүлдэг, хууль ёсоо сахидаг, хувьд ноогдсон ажлаа сайн хийдэг, нийгмийнхээ сайн сайхны төлөө зүтгэдэг хэн бүхэн өнөө цагийн эх орончид юм.
Эх орончид амиа зольж бий болгон, энгүй ухаантнууд оюунаа чилээн бүтээсэн улс орноо улам илүү хөгжүүлэх эрхэм үүрэг бидэнд бий. Энэ үүргээ биелүүлэхээр МАН, намын гишүүд та бид хичээн зүтгэж ирсэн, цаашид ч илүү хариуцлагатай, ёс зүйтэй, эв нэгдэлтэйгээр улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэцгээе.
Та бүхэндээ Эх орончдын өдрийн мэндийг дахин хүргэе.
МОНГОЛ АРДЫН НАМЫН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН