“Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг энэ сарын 4, 5-нд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадрал, Бүргэдчин Р.Нургайв, Б.Далайхан, Н.Айшолпан, Д.Айгерим нар өнөөдөр мэдээлэл өглөө.
Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, “Чингис Хааны Хүрээ” ХХК болон Монголын Бүргэдчид холбоо хамтран тус баярыг зохион байгуулж байгаа аж.
Бүргэдчин Н.Айшолпан “Би бүргэдийн баярт гурав дахь удаагаа оролцох гэж байна. 2014-2016 оны хооронд кинонд тоглосон. Өнгөрсөн хугацаанд олон газраар киноны нээлтэд оролцлоо.
Сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-д зочлоод шагнал аваад ирсэн. Энэ удаагийн бүргэдийн баярт оролцож байгаадаа баяртай байна “гэлээ.