Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хамтран автотээврийн хэрэгслийн ашиглалтын талаарх түүхийг нэг дороос харах боломж бүхий “Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан”-г өнөөдөр танилцууллаа.
Ингэснээр иргэд цахим орчинд гар утас, таблет, компьютер зэрэг ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар Autobox.mn сайтад нэвтрэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг арлын дугаарын хамт ашиглан хаанаас ч хэдийд ч тухайн тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг авах боломжоор хангагдлаа.
Харин авто үйлчилгээ эрхлэгчид эрх бүхий байгууллагаар ангиллаа тогтоолгосноор авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан буюу ASIS системд нэвтрэх эрхээ авч, хийсэн засвар үйлчилгээний мэдээллээ оруулснаар нэгж тээврийн хэрэгсэл бүрт засварын түүх үүсэх боломжтой болж байна. Ингэснээр авто үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагааг анх удаа төрөөс иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх боломж бий болжээ.
Энэхүү мэдээллийн сан нь “Үндэсний дата төв” дахь серверт байршиж төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжуулан “Цагдаагийн ерөнхий газар”, “Татварын ерөнхий газар”, “Онцгой байдлын ерөнхий газар” зэрэг эрх бүхий байгууллагуудын мэдээллийн сангуудтэй холбогдон мэдээлэл солилцон ажиллана гэдгийг ЗТХЯ-ны АТБХЗГ-ын дарга С.Батболд мэдээллээ.Одоогоор мэдээллийн санд буй мэдээлэл бага байгаа ч цаашид нэмэгдэх ажээ.
АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГААС АВЧ БОЛОХ МЭДЭЭЛЛҮҮД:
Иргэд
Зам, тээврийн осолд холбогдсон болон түүний эвдрэл, гэмтэл, зөрчлийн мэдээлэл,
Гал түймэр, үер, байгалийн бусад нөлөөнд өртөж байсан талаарх мэдээлэл,
Даатгалаа төлсөн болон нөхөн олговор авч байсан эсэх мэдээлэл,
Татварын мэдээлэл,
Тээврийн хэрэгсэлд хаана хэдийд ямар ямар засвар үйлчилгээ хийлгэсэн эсэх,
Авто үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эрхэлж буй үй ажиллагааны танилцуулга, салбарын байршил, ажиллах цагийн хуваарь, засвар үйлчилгээний нэр төрөл, борлуулж буй сэлбэг хэрэгсэл тэдгээрийн үнэ ханш гэх мэт мэдээлэл,
Авто үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны талаар санал гомдол гаргах,
Тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгсэлд хийгдсэн засвар, үйлчилгээ болон худалдан авсан сэлбэг хэрэгсэлдээ баталгаа гаргуулах гэх мэт тээврийн хэрэгслийн ашиглалтын талаар дэлгэрэнгүй түүхийг харах боломжтой.
Авто үйлчилгээ эрхлэгчдэд
Авто үйлчилгээний ангилал тогтоолгох хүсэлтээ цахим хэлбэрээр эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх, тоон гарын үсэг ашиглан гэрээ байгуулах зэрэг үйлчилгээ авах боломжтой,
Нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн ашиглалтын түүхтэй танилцснаар тухайн тээврийн хэрэгслийг оношлох, засвар үйлчилгээ хийхэд хялбар болно,
Тус мэдээллийн сангаар дамжуулан өөрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд үнэ төлбөргүй сурталчлах, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ цахим хэлбэрээр урьдчилан захиалга авах,
Өөрийн байгууллагын хийж гүйцэтгэсэн засвар, үйлчилгээний тайлан, мэдээг гарган авах боломжтой.