Ш.Анхмаа: Дэлхийн хотууд нийгмийн салбараа эмэгтэйчүүдээр удирдуулснаар бодит үр дүн хүрдэг

 

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаатай ярилцлаа.

 -Нийгмийн салбарыг эмэгтэй хүн удирдахын давуу тал нь юу вэ? Жишээлбэл, УИХ-д эмэгтэйчүүд олноороо сонгогдсоноор парламентад боловсрол, эрүүл мэндийн төсөв хангалттай тавигдлаа гэж сайшааж байсан. Үүний адил амьдрал дээр бодитоор илэрч буй үр дүн нь юу вэ?

-Дэлхийн ихэнх хотын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга нар нь эмэгтэй байдаг. Нийгмийн салбар бүтээн байгуулалт гэхээсээ илүү чимхлүүр ажил ихтэй. Эмэгтэй хүний байгалиас өгөгдсөн зан чанар гэх үү, асуудалд жижиг гэлтгүй тууштай, няхуур нямбай хандаж улмаар том зүйлийн шийдлийг олдог чанар нь магадгүй дэлхийн том хотуудад ч нийгмийн салбарыг бүсгүй хүнээр удирдуулах шалтгаан болдог болов уу. Айл гэрийн нэгэн багана болж, амьдралын хамгийн эн тэргүүний болоод нарийн нандин асуудлуудыг үүрч явдгийн хувьд эмэгтэй хүн улс орон, хотыг удирдахад ч оролцож, хувь нэмрээ оруулах нь чухал гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдгийн нэг илрэл гэж бодож байна. УИХ, НИТХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэний дүнд нийгмийн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт өмнө байгаагүйгээр нэмэгдэж, эмэгтэйчүүд, хүүхэд хамгааллын асуудалтай холбоотой хууль эрх зүйн томоохон өөрчлөлтүүд хийгдээд байгаа нь бас нэг бодит жишээ.

 -Нийслэлээс сонгогдсон эмэгтэй төлөөлөгчид нам харгалзахгүй хамтарч, нягтарч чадаж байна уу?

-НИТХ-ын эмэгтэй 10 төлөөлөгч бид хамтарч, хотынхоо хөгжлийн төлөө зорилго нэгдэн ажиллаж байна. НИТХ-ын төлөөлөгч бүсгүйчүүд маань нийгмийн асуудалд санал санаачлагаа уралдуулан оролцдог учраас надад их дэм болдог оо.

 -НИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч, гэрийн эзэгтэй, ээж хүний ажлын ачаалал их байгаа. Хотын ажил дундрашгүй. Төрийн болон гэрийн ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Төрийн албаныхан дарга, цэрэг гэлтгүй бүгд л ард түмний өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс. Нэгэнт зориод ажиллаж байгаагийн хувьд ачааллаа тэнцвэржүүлээд, ажлаа оновчтой төлөвлөхийг эрхэмлэдэг. 2016-2017 онд хотын удирдлагын баг ирэх жилүүдэд хийх ажлынхаа суурийг цутгасан учраас харьцангуй ачаалалтай байсан. Одоо харин төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлж, эхнээсээ үр дүн нь гарч байгааг харахад баяртай байна.

-Гадны зочид төлөөлөгчидтэй байнга уулзах, Төрийн ордонд үе үе дуудагдах, хурал семинартаа суух, индэр дээр гарч үг хэлэх, иргэдийн аж амьдрал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах, сурвалжлагчид байцаагдах гэх мэтээр олны өмнө гарах шаардлага их. Эмэгтэй хүн учраас өөрийгөө болон бусдыг хүндэтгэж, албаныхаа нэрийг бодож гоё сайхан харагдах шаардлагатай. Хотын захиргааны ажил 8.30-д эхлэх ёстой. Гэрийн эзэгтэйн ажлаа хийгээд гоёж гоодоод гарахад ажилдаа амжиж очих уу?

-Амжуулна шүү дээ. Өөрийн тань хэлдэг үнэн. Эрчүүдээс ялгаатай бөгөөд хэцүү нь өөрийн чинь хэлж байгаа зүйл. Хүүхэд төрүүлж өсгөөд ажил хөдөлмөр эрхлээд карьераа ахиулна гэдэг эмэгтэй хүний хувьд багагүй сорилт байдаг.

Түрүүн та жендерийн асуудлаа хотод хариуцдаг талаараа дурдсан. Энэ чиглэлээрээ юу хийв, цаашид юу хийх вэ гэдгээр ярилцлагаа үргэлжлүүлье?

-Нийслэлийн зүгээс жендерийн асуудалд анхаарал хандуулах шаардлага байгаа гэдгийг өнөөдрийн нийгмийн амьдрал харуулж байна. Би нийслэлийн жендерийн  салбар хороог удирдаж байгаагийн хувиар бас эмэгтэй хүнийхээ хувиар асуудалд нухацтай хандахыг зорьж байгаа. Жендерийн асуудлын цаана гэр бүл, хүүхдийн асуудал яригддаг. Тухайлбал, хүчирхийлэлд өртөж байгаа эхийн цаана хүчирхийллийн эрсдэлд байгаа хүүхдийн асуудал байдаг. Өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа эх хүн хүүхдээ яаж хамгаалах билээ гэдгээс эхлээд санаа тавих шаардлагатай зүйл олон. Жендерийн тэгш байдлын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гарсан. Хуулиудыг дагаад холбогдох дүрэм журмууд гарсан. Эдгээрийн хэрэгжилт сайжирч, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа ч идэвхижсэн.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудалд нийслэлийн Цагдаагийн газар, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын үйл ажиллагаа сайжирч, уялдаа холбоотой ажиллаж эхэлсэн. Ингэснээр зөрчил гарсных нь дараа биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж эхлүүллээ.

Мөн НИТХ-ын төлөөлөгч, Жендерийн Үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны даргын хувьд “Хүүхэд нэг бүрийн төлөө” уриалга гарган, нийслэлийн харьяа агентлаг, байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ уриалгын дагуу гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудад хүүхэд хамгааллын ажилд нэлээн ахиц гарсан.

Улаанбаатарт гурван ээлжээр хичээллэж байгаа 20 сургууль байдаг. Өвлийн улиралд хичээл 19, 20 цагт тарахад гаднаа гэрэлтүүлэггүй байдаг. Хүүхэд сургуулиас гараад явахад зам дээр хурд сааруулагч, гэрлэн дохио байдаггүй. Энэ асуудлуудыг шийдвэрлэж байгаа. Ангийн багш хүлээж байгаад хүүхдийг эцэг, эхийн гарт нь хүлээлгэж өгдөг хариуцлагын тогтолцоотой болж байна. Хүйтний улиралд гуравдугаар ээлжийн  хичээл тарахад сургуулийн дэргэд нийтийн тээврийн автобус хүлээж байгаад суулгадаг зохион байгуулалт энэ сургуулиудад нэвтрээд байгаа.

Түүнчлэн уриалгын дагуу Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөлгүй, стандарт хангаагүй зочид буудлуудыг хаах хүртэл арга хэмжээ авсан. Одоо бид PC тоглоомын газруудад шалгалт хийх ажлыг эхлүүлээд байна. Цаашид эдгээр газар байх шаардлагатай юу, үгүй юу гэдгийг ч эргэж харах болно.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах ажлыг эрчимжүүлнэ. Хүүхэд бие махбодийн хүчирхийллээс гадна сэтгэл санааны хувьд багш сурган хүмүүжүүлэгч, албан хаагчид болон анги хамт олон, бусад суралцагчдын зүгээс хүчирхийлэлд өртөх тохиолдлууд гардаг. Хүчирхийллийг илрүүлж, таслан зогсоох тал дээр арга хэмжээ авч ажиллах хүн нь нийгмийн ажилтан юм. Салбарын яаман дээр байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс нийгмийн ажилтны статусыг нэмэгдүүлж, тэднийг чадавхижуулснаар хүчирхийллийг бууруулахад онцгой нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

-Гэртээ хүүхдээ өсгөөд, ар гэрийнхээ бүх ажлыг хариуцаад явж байгаа мянга мянган бүсгүйчүүд бий. Гэтэл тэдний хөдөлмөрийг нөхөр нь, садан төрөл нь, хадмууд нь ойлгохгүй, үнэлэхгүй, мэдрэхгүй гомдоох нь бий. Хүмүүсийн энэ хандлагыг яаж өөрчлөх вэ?

-Тиймээ, эмэгтэйчүүд бид ийм бэрхшээлтэй багагүй тулгардаг. Хүмүүсийн ийм хандлагыг өөрчлөх нэгэн хүчин зүйл бол урлагаар дамжуулж хүмүүсийн сэтгэлгээнд нөлөөлөх юм. Ялангуяа хошин болон кино урлаг манай өнөөгийн нийгэмд чухал нөлөөтэй хэвээрээ байна. Хошин урлагийн тоглолт үзээд бид өөрсдийгөө толинд харж байгаа юм шиг инээлддэг. Энэ урлаг өөрөө ихэс дээдэс, төр засгийн бурангуй дэглэмийг шүүмжилсэн харц ардын тоглолтоос үүссэн шүү дээ. Монголд яагаад сонгодог урлагийг массаараа сонирхохгүй хошин урлагт татагдаад байна вэ. Энэ бол өөрсдийн дүр төрхөө хошин урлагаас харж тольдож байгаагаас хамааралтай. Кино урлаг ч мөн адил. Бид өнгөрсөн жилээс Улаанбаатарын кино наадмыг зохион байгуулж байгаа. Урлаг, спорт, олныг хамарсан соёлын арга хэмжээ Улаанбаатарын иргэдэд маш эерэг нөлөөтэй. Томчууд байтугай хүүхдүүд цахим орчны нөлөөнд автсан энэ үед хүүхдийг урлаг, спортоор хичээллэх боломжийг илүүтэйгээр нээх хэрэгцээ байна. Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвд секц, дугуйлангууд ажиллаж байна. Есөн дүүргийн соёлын төв, спорт цогцолборын асуудлыг шийдвэрлэснээр хүүхдүүдэд чөлөөт цагаараа урлаг, спортоор хичээллэн өнгөрүүлж, хөгжих илүү боломж нээгдэж байгаа. Бид нийслэлийн 2018 оны төсөвт Сонгинохайрхан дүүргийн номын санг засварлаж, орчин үеийн уншлагын танхимтай болгох, мөн Хан-Уул дүүргийн соёлын төвд уншлагын танхимыг нээх ажлуудыг төлөвлөсөн. Бидний үеийнхэн дэлхийн сонгодог зохиолуудыг уншиж хүмүүжсэн. Өнөөдөр хүүхдүүд мессежний хэллэгээр кирилл, латин хольж, алдаатай бичдэг болж байгаад олон эцэг, эх санаа зовж байна шүү дээ. Мөн бид хүүхдийн сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх чиглэлээр шатрын дугуйлангуудыг дэмжиж, “Их нүүдэл” уралдааны цар хүрээ жилээс жилд өргөжиж байна. Цэцэрлэгийн хүүхдийг бие бялдрыг эрүүл чийрэг болгоход чиглэсэн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн, сагсан бөмбөг болон гар бөмбөгийн лигийн тэмцээн гэх мэт тэмцээн уралдаануудыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлж, уламжлал болгон зохион байгуулж байна гэх мэтчилэн яривал нийгэмд нөлөөгөө өгч буй олон ажил бий.

-Өнгөрсөн онд төсөв санхүүгийн байдлаас шалтгаалаад нийгмийн салбарт шаардлагатай хэмжээнийхөрөнгө оруулж чадаагүй. Харин энэ онд нийслэлийн бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллүүлэх хэмжээнд сургууль барьж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмнэ гэж байна. Та хариуцсан чиглэлээрээ манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-2018 он бол нийслэлийн боловсролын салбарын бүтээн байгуулалтын жил гэж хэлэхэд болно. Өнөөдрийн байдлаар нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа 20 сургууль байна. Цэцэрлэгийн хүртээмж 77.6 хувьтай байгаа нь энэ салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг харуулж байна. Энэ ч утгаараа улсын төсвийн хөрөнгө оруулалттай 50 цэцэрлэгийг шинээр барих буюу өргөтгөж, 34 сургуулийн барилгыг барьж, өргөтгөнө.

Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 22 цэцэрлэг, есөн сургууль барих шийдвэр гаргасан. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургуулийн барилгын ажил энэ жил эхэлнэ. Японы Жайкагийн буцалтгүй тусламжаар хоёр сургуулийн шинэ барилга, хоёр сургуулийн өргөтгөлийг гүйцэтгэнэ.

-Нийслэлд одоо хамгийн тулгамдаж байгаа асуудлын нэг хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж. Энэ тал дээр ямар ахиц байгаа вэ? Цаашид яаж шийдэгдэх вэ?

-2016-2017 оны хичээлийн жилд 45 мянга гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй. Энэ тоог бууруулахын тулд цэцэрлэгийн барилгыг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгийн сул орон тоог ашиглан 3087 хүүхдийг цэцэрлэгт хамруулах зэрэг хэд хэдэн ажлыг зохион байгуулж, шинээр хийсэн. Үүний үр дүнд өнөөдөр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй хүүхдийн тоог 15 мянгаар буурууллаа.

2017-2018 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн томоохон ажил бол цэцэрлэгийн хүүхэд элсүүлэх цахим бүртгэл юм. Цахим бүртгэлийг хийж, цэцэрлэгт элсэх хүүхдийн сонгохдоо өрх толгойлсон эх, эцэгтэй хүүхдийг нийслэлийн цэцэрлэгүүд нийт элсэлтийнхээ 10 хувийн квотоор элсүүлэх ажлыг зохион байгуулсан. Хүүхэд нь цэцэрлэгт явснаар эцэг, эх нь ажил хөдөлмөр эрхэлж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж нь нэмэгдэж байгаа. Түүнээс гадна эмэгтэйчүүдийг аль болох хүүхдээ асрангаа ажиллах боломжийг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна. Цаашид гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдэд гэрээрээ ажил хөдөлмөр эрхэлж, орлоготой болох боломжийг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах шаардлага байна.

-Эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтын талаар дурдвал...

-2018 оныг Өрхийн эрүүл мэндийн төвийг дэмжих жил болгон зарласан. Учир нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн ойрхон нэгж шүү дээ. Нийслэлийн хэмжээнд 2021 он гэхэд 20 өрхийн эрүүл мэндийн төв, нэг геомодиалезын төв баригдах юм.

Мөн эрүүл мэндийн салбарт 2.1 тэрбум төгрөгийг өрхийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулна. Засварын ажилд 2.7 тэрбум төгрөгийг төлөвлөж байгаа. Өмнө нь өрхийн эмнэлэгт ийм хэмжээний хөрөнгө оруулсан тохиолдол байхгүй. Өнгөрсөн жил гурван дүүрэгт гэмтэл, мэс заслын тасаг байгуулсан. Энэ жил бусад дүүрэгт үргэлжлээд хэрэгжих болно. Мөн Туул тосгоны эрүүл мэндийн төвийг бариулахаар нийслэлийн төсөвт тусгуулсан. Улсын төсвөөр 2-3 дүүргийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчлэх ажил явагдаж байгаа.

-Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн эмнэлэг барихаар болсон. Хэзээ хүлээж авах вэ?

-Сонгинохайрхан дүүрэг олон улсын стандартад нийцсэн жишигт Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгтэй болох юм. Энэ нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хөрөнгө нь шийдэгдээд, хэрэгжиж эхэлсэн. 2019 онд ажил нь дуусч, ашиглалтад хүлээж авна. Үүнээс гадна нийслэлд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийслэлийн өрхийн 10 эмнэлгийн барилгыг шинээр барина. Мөн Турк улсын Станбул хотын буцалтгүй тусламжаар 10 өрхийн эмнэлэг баригдах юм.

-Ярилцсанд баярлалаа.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …