Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцад хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийгээд зугтсаныг эрэн сурвалжилж илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай, 34 настай, эмэгтэй А нь тус шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхдээ хоёр ширхэг хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийснийг тогтоожээ.
Өнгөрөгч хоёрдугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед хуурамч 20 мянгатаар гүйлгээ хийсэн,
Гуравдугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт хуурамч 10 мянгатын дэвсгэртээр үйлчлүүлсэн хэргийг харьяалах цагдаагийн хэлтсүүдэд шалгаж буй.
Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ.
Хуулийн заалт
Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах
1. Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр
жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Эх сурвалж: ЦЕГ