Дөрвөөс дээш насны хүүхэд 21 хоногийн хугацаанд нэгээс илүү удаа шөнө нойрон дундаа орондоо шээж байгаа тохиолдолд шээс задгайрах өвчтэй болсон байж магадгүй гэсэн үндэслэлээр мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Хүүхдийн шээс задгайрахыг мэргэжлийн хэлээр энурез гэдэг.
Эмчилгээ
Хүүхдийн шээс задгайрлыг эмчлэхдээ хэрэглэж болох бүх аргуудыг хослуулан хэрэглэх нь зохистой гэж үздэг. Эцэг, эхийн зүгээс дараах арга хэмжээг авч болно. Үүнд:
- Өөртэй нь адил асуудалтай өөр олон хүүхэд байдаг гэдгийг тайлбарлан хэлж, хүүхдэдээ сэтгэл санааны дэм өгөх хэрэгтэй.
- Живх хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Шээс задгайрах өвчтэй 4-5 настай хүүхдүүдийн дийлэнх нь шээх шингээгч живхтэй өссөн байдаг нь судалгаагаар тогтоогдсон юм. Ийм живхийг унтах, айлд зочлох, замд гарах зэрэг онцгой тохиолдолд л хэрэглэж байх нь зохистой гэж эмч нар үздэг. Хүүхэд ойтойгоосоо эхлэн аажмаар живх хэрэглэхээ болж, эцэг, эх нь суултуур ашиглан бие засдаг болгож сургах ёстой байдаг. Гэвч өрнөдийн орнуудад шингээгч живх өргөнөөр хэрэглэдгээс болж зарим хүүхэд яаж бие засах ёстойгоо ч мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг аж.
- Унтахын өмнө шингэн юм уух хэрэггүй. Коланы төрлийн ундаа, кофеин агуулсан хийжүүлсэн ундаа хүүхдэдээ өгөхгүй байсан нь дээр.
- Унтахынхаа өмнө бие засдаг болгож сургах хэрэгтэй. Хүүхдийг шөнө дунд сэрээж бие засуулах нь таагүй нөлөө үзүүлдэг гэж үздэг. Нэгэнт л сэрээсэн тохиолдолд нойрон дунд нь биш харин гүйцэд сэрээж байж бие засуулж байх хэрэгтэй. Үгүй бол шээс задгайрлыг улам даамжруулах эрсдэлтэй.
- Унтахын өмнө хөдөлгөөнтэй тоглоом тоглох, элдэв кино үзэх зэргээр хүүхдийг хэт хөөрлийн байдалд оруулахгүй байхыг хичээх. Орондоо шээлээ гэж хүүхдийг хэрхэвч загнаж болохгүй. Шээс задгайрах нь хүүхдийн буруу бус харин эцэг, эхийн хамт шийдэх ёстой асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй.
- Орондоо шээлээ гэж хэрхэвч шийтгэж болохгүй. Хүүхэд үүнээс болж эцэг, эхээсээ дутахааргүй их шаналж байдаг. Мөн шөнө албадан живх өмсгөх нь хүүхдийн сэтгэхүйг гэмтээж болзошгүй байдаг. Биеэ аваад явахуйц насны хүүхдийг өглөөд өөрөө усанд орж, цагаан хэрэглэлээ сольж байхыг шаардаж болно.
Эмийн бус эмчилгээ
Хүүхдийн шөнийн шээс задгайрал буюу энурезийг эмчлэхдээ эмийн эмчилгээнээс гадна сэтгэл заслын эмчилгээ өргөнөөр ашиглах хэрэгтэй. Сэтгэл зүйч нь хүүхдэд сэтгэлийн дэм өгч, өвчинтэйгөө тэмцэхэд нь сэтгэл зүйн хувьд бэлтгэж өгдөг. Хүүхдийн сэтгэл хөдлөл, эцэг эхтэйгээ харьцах, эсвэл хичээл сургуультай холбоотой асуудлыг нь шийдэх нь маш сайн үр дүн өгдөг.
Дан ганц сэтгэл заслын эмчилгээ нь тогтвортой сайн үр дүн өгдөггүй болохоор эмчилгээний бусад аргуудтай хослуулах хэрэгтэй. Харилцан ярилцахаас гадна ховс эмчилгээг ашигладаг.
Хүүхдийн шээс задгайрах өвчинд тун хариуцлагатай хандаж, курс эмчилгээг дуустал нь хийлгэx.