Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбооны V чуулган Тусгаар тогтнолын ордноо эхэллээ. Чуулганаар холбооны шинэ удирдлага, бүтэц зохион байгуулалт, дүрмийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Аймаг, нийслэл, дүүрэг, сум, хорооноос нийт 120 төлөөлөгч энэ удаагийн чуулганд оролцож байна. Үүний 67 хувь нь эрэгтэй, 32 хувь нь эмэгтэй байгаагаас хамгийн ахмад төлөөлөгч нь 82 настай ажээ.
Хуралдааны эхэнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын XXVIII Их хурлаас гаргасан бодлого шийдвэр, түүнээс хойш хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлууд, намын бодлого зорилтоо танилцуулж, чуулганд амжилт хүслээ. Түүнчлэн чуулганд МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудын удирдлагууд оролцон үг хэлж, амжилт хүссэн юм.
Чуулганы гол мэдээлэл нь тус холбооны тэргүүн С.Төмөр-Очир өнгөрсөн дөрвөн жилд буюу IV чуулганаас хойш хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан байлаа. . Энэ хугацаанд тус холбоо тэргүүлэгчдийн хурлаа 16 удаа хуралдуулж, аймаг, нийслэлийн намын хорооны дэргэдэх Ахмадын Холбоодын ажлыг дүгнэн, шилдгүүдээ шалгаруулжээ. Мөн ахмадуудын өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэн холбогдох дээд байгууллагад уламжлах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.
“Монгол Ардын нам төрийн эрх барих болсноор ахмадуудад чиглэгдсэн олон арга хэмжээ авсныг Ахмадын Холбооны тэргүүн С.Төмөр-Очир хэлсэн үгэндээ онцолсон юм. Тухайлбал: ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, малчдын тэтгэвэрт гарах насыг 50-55 болгож багасгах, хөдөлмөрийн чадвар, ажлын туршлага, оюуны өндөр чадамжтай ахмадуудыг тухайн чиглэлээр нь зөвлөх, туслах үйлчилгээнд ажиллуулах, ахмадууддаа жилд хоёр удаа насны хишиг хүртээх, хямд үнэтэй орон сууцаар хангах, сүүлийн дөрвөн жил нэмээгүй байсан тэтгэврийг бага ч болов нэмсэн зэрэг арга хэмжээг шат дараалалтай авч хэрэгжүүлж байгаад ахмадууд баяртай байгааг илэрхийллээ.
Чуулган 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.