БНСУ-ын Кванжү хотын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг бүрэн тоноглогдсон шүд оношлох, эмчлэх зориулалт бүхий авто машиныг “Эхэн” санд хүлээлгэж өглөө.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “”Эхэн” сан нь Улаанбаатар хотын хүүхдүүдийн шүдний өвчлөлийг багасгах зорилгоор нийслэлийн Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвтэй хамтран ажиллаж, нийслэлийн хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөлийн судалгааны ажлыг Баянгол дүүрэгт эхлүүлж байна.
Цаашид шүдний оношлогооны авто машинаа ашиглан зорилтот хэсгийг сонгон судалгааны ажлыг оношлогоо, үзлэгийн хэлбэрээр үргэлжлүүлнэ. Өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлын нэг бол шүдний өвчлөл байгаа.
Судалгаанаас харахад 5-6 насныхны 96 хүртэлх хувь нь шүдний өвчтэй гэсэн тоо гарсан байна. Дунд сургуулийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 80 орчим хувь нь шүдний өвчлэлтэй гэсэн тоо гарсан. Энэ нь бид хүүхдийнхээ шүдний эмчилгээ оношлогоонд анхаарал хандуулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Нийслэл бол ганцхан шүдний төвтэй.
Явуулын шүдний оношлогооны авто машинтай болсноор тус эмнэлгийн ачаалал тодорхой хувиар буурч, шүдний өвчлөл ч багасах ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.
Шүдний чиглэлийн клиник авто машиныг гардуулах арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, БНСУ-ын Кванджү хотын CLWH эмнэлгийн ерөнхий захирал Бум Чай Чой, гүйцэтгэх захирал Ён Чой Чон, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн дарга Л.Хэнтий, “Эхэн” сангийн тэргүүн Р.Мөнхжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.