Энэ нь хувь хүнийг аз жаргалтай байлгах “шидэт рашаан” эсвэл гэр бүл, ажлын байр болон нийгмийн стресс бухимдлаас сахин хамгаалагч “тарнидсан зангиа” юм. Мөн элдэв халдварт өвчнөөс сэргийлэх “вакцин” ч гэж бас хэлж болно.
Тэгэхээр эерэг бодол гэж юу вэ?
Өөрт байгаа олон сайхан боломжийг үл хайхран бусдын эд зүйлд шунах, өрөөл бусдын амар амгаланг эвдэн уурлах, үнэн худлыг үл хайхран харанхуй бүдүүлэг аашлах гурвын нөлөөнөөс л ангид сэтгэх чадвар буюу ямар нэг эмоциос хараат бус цоо эрүүл сэтгэлгээ.
Тэгвэл эерэг яриа гэж юуг хэлэх вэ?
Бусдад санаатайгаар буруу мэдээлэл өгч төөрөгдүүлэх, хүмүүсийн эв эеийг хагалан бутаргах ухуулга хийх, хэн нэгний сэтгэл, биеийг зарсхийлгэн айлгах хараал доромжлол, өөрийн болон бусдын үнэт цагийг хулгайлах үр ашиггүй буу халалт зэрэг чихээр дамжуулж эрүүл сэтгэлгээг дарангуйлах хорт зуршлын гаж нөлөөнөөс хараат бус зүй зохист хэл яриа.
Харин эергээр биеэ авч явах гэж юу вэ?
Ямар нэг амьтны хүсэн хүлээсэн эрхэм нэгнийх нь амиар зугаацах, өөрөө хөдөлмөрлөх дургүй ч бусдын хөдөлмөрийн үр шимийг шимэгч амьтан шиг хулгайлах, бусдын эхнэр, нөхөртэй нөхцөж элэг бүтэн амьдрал сүйтгэх, эсвэл нийгэмд садар самууныг байж болох зүйл шиг ойлголт хандлагыг төрүүлэх зэрэг өрөвч бус, шуналт, ёс зүйгүй үйлдлээс эрс тэс татгалзаж чадсан хүнлэг байдал.
Хүмүүс бид аз жаргалыг л хүсдэг. Ийм байх эсэх хүний дотоодоос эхлэлтэй. Аз жаргалтай амьдрахад бидний Буддист байна уу, үгүй юу гэдэг нь огт хамаагүй билээ.