Өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн Сангийн сайд асан С. Баярцогт хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
-Би АНУ-д оюутан болчихсон хэдий ч энэ хэрэгтэй холбоотойгоор эргэн ирсэн. Асуудлыг эцэслэх хүртэл Монголдоо байна.
-Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Швейцарийн прокурорын газартай хамтран энэ хэргийг шалгаж байгаад баяртай байна.
-Манайхан өөрсдөдөө итгэдэггүй учир гадны улстай хамтран шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Эдгээр шалгалтаар бүх зүйл тодорхой болно.
– 2009 онд Оюутолгойн энэ төсөл дээр Засгийн газрыг төлөөлөн ажилласан хүмүүс Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж ажиллаж хийсэн. Сайн гэрээ хийсэн. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Сайжруулахын төлөө байнга ажиллаж ирсэн.
-Монголын үр өгөөжийг 3 тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн өөрчлөлтөөр 1 тэрбум ам.доллараар сайжруулсан.
-Би Монгол Улсын хариуцлагатай, хүндтэй ажлыг олон удаа хийж байсан. Өөрийгөө болон гэр бүлээ аваад явах оюуны болоод бизнесийн чадвартай.
-Хардах эрх хүн бүхэнд байдаг хэдий ч эцэслэж, нягтлаагүй зүйл дээр анхааралтай хандах хэрэгтэй.
-Би маш олон ажлыг өөрийнхөө нэр төр, улс төрийн карьераар дэнчин тавьж байж хийсэн.
-1996 онд би Германд сургууль төгсөөд ирэхдээ 20,000 дойч маркийн төсөлтэй ирж байсан анхны Монгол оюутан.
-2001 онд би Колумбийн их сургуульд сурахдаа 70,000 гаруй долларын тэтгэлэг авсан.Ингээд өөрийн хийж байсан бизнесээ найзуудтайгаа нийлээд, дээрээс нь Монголын нэртэй бизнесменээс зээл аваад 8.2 сая еврог Швейцарт 5 сард нээлгэсэн байсан дансандаа хийлгэсэн.
-Тэрний нэг данс нь оффшортой холбоотой данс. Харамсалтай нь 2008 онд хямрал болсон учраас зээл өгсөн бизнесмен зээлээ бүгдийг эргүүлж авсан. Үлдэгдэл мөнгө нь 2013 онд компани хаагдах үед бүгд дууссан. Одоо надад Швейцарт ямар нэгэн данс байхгүй ээ.
-Ардчилсан намын гаргасан шийдвэр бол нэмэгдэлтэй. Надаас хэн ч юу ч асуугаагүй.
-Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй.
– Хууль хүчний байгууллага дээр яригдаж байгаа асуудлууд цаг хугацаандаа багтаад шийдэгдээсэй гэж хүсэж байна.
-Болсон бүх үйл явдал маш адал явдалтай уран сайхны кино.
-Би зөв зүйл хийж байна гэж бодсон учраас өөрийнхөө нэрээр тэр дансыг нээсэн, компаниа байгуулсан. Миний хамгийн том алдаа бол хөрөнгө оруулгын мэдүүлэг дээрээ бичээгүй байсан. Үүний төлөө би хариуцлага хүлээгээд УИХ-ын дэд даргаас огцорсон.
– Би хуулинд зааснаас өндөр арга хэмжээ өөр дээрээ авсан. Би үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж бодсон
-Оюутолгойн гэрээ үнэхээр зөв, ямар ч авилгагүй сайн гэрээ болсон гэдгийг харуулна. Үүнийг би харуулахгүй. Монгол, Швейцарийн хамтарсан шалгалтын баг харуулна.