Монголын Үндэсний Бөхийн Холбооны хууль бус их хурлын тухай шинэ удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийж, шүүхийн шийдвэрийг танилцууллаа.
МҮБХолбооны Цэцдийн Зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар “2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гарсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 101 дүгээр шийдвэрт “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх” тухай заасан байдаг. Р.Нямдорж өөрийгөө “Би МҮБХ-ны тэргүүн мөн болохыг тогтоолгоно” гэж олон жилийн өмнө шүүхэд хандсан нь явсаар байгаад одоо хүртэл шүүхийн шийдвэрээр тогтоогдохгүй байна. 2003 оны 7 дугаар сарын 1-нд 403 тоот тогтоол дээр дээд шүүхийн шийдвэрээр МҮБХолбооны тэргүүнийг ээлжит бус их хурлаа зарлаж хуралдуулан сонгох тухай байдаг. Өөрөөр хэлбэл 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн шат шатны шийдвэрийн дагуу МҮБХ-ны ээлжит бус Их хурал хуралдаж тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон. Гэвч бүрэн эрхийн хугацаа нь тэр үедээ дуусчихсан Р.Нямдорж одоо хүртэл тамга тэмдгээ өгөхгүй ашиглаж шүүхийн шийдвэрийн үйл ажиллагааг удаашруулсаар байгаад өдийг хүрлээ. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шйдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүчийн шийдвэр гарч энэ ажиллагаа явагдаж байна.
Харин энэ шийдвэр явагдаж байгаа үед давхцаж хурал зарлах нь өөрөө хууль бус юм. Мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Р.Нямдоржийн хэрэглээд байгаа тамга тэмдгийг ашиглахгүй байх тухай өөрт нь даалгасан захирамж гарсан байгаа.Сүүлд 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн захирамж гарсан. Энэ захирамжаар 3 дугаар сарын 24-ний өдөр нэр бүхий хүмүүсийн зарлаад байгаа хурлыг хуралдуулахыг хориглосон шүүгчийн захирамж гарсан.
МҮБХ-ны их хурлыг хориглосон, захирамж гараад байхад олон нийтийг төөрөгдүүлж албан бусаар хурал хийх гэж байгаа нь хууль бус гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Өнөөдөр МҮБХ-ны шүүхийн шийдвэрийн дагуу хурлаар сонгогдсон Л.Чинбат гэдэг нэг л тэргүүнтэй. Тэр хурлаар зүй ёсоор сонгогдсон Цэцдийн зөвлөл, хяналтын зөвлөл хүчин төгөлдөр байгаа.
Бид өмнө нь олон жил ажилласан учраас Р.Нямдоржид хүндэтгэлтэй хандаж байгаа учраас л өнөөдрийг хүртэл тамга тэмдгээ авч чадахгүй хүлээж байтал одоо хурал зарлаад дахин асуудлыг хүндрүүлж байна” гэж ярилаа.
Хэнтий аймгийн Бөхийн Холбооны тэргүүн Н.Хүдэрбаатар “3 дугаар сарын 24-нд хурал болохгүй. Шүүхийн шийдвэр гарчихсан байхад л энэ хүн яагаад Монголын Дээд Шүүхээс илүү том толгойтой байна вэ гэдгийг ярих цаг нь болсон. Албан ёсны биш хурал дээр очиж битгий цаг зав аа гарздаасай гэж нийт бөхчүүдээсээ хүсэж байна” гэлээ.