2011 онд НҮБ-ийн Ерөнхий Ассамблэйгаас жил бүрийн 03-р сарын 21-ний өдрийг Олон улсын Дауны хам шинжийн Дэлхийн өдөр болгон зарласан билээ. Энэхүү өдрийг угтан Монголын Тусгай Олимпийн хороо ( MТОХ ) өчигдөр нийслэлийн 55 дугаар тусгай сургуулийн Оюуны бэрхшээлтэй 70-н хүүхэд, БЗД-ийн ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 20-н хүүхэд залууст бие бялдрын үзлэгийг тус сургуулийн спорт зааланд зохион байгууллаа.
Энэхүү үзлэгээр тулгуур хөдөлгөөний аппарат, үе холбоо, яс булчин, хөлний үйл ажиллагаа, хэвлий гар хөлийн булчин, биеийн тэнцвэр аэробик фитнессийн зэрэг үзлэгийг нийт 40-н сургагдсан зөвлөхүүд, эмч, багш, сайн дурынхан, тусгай сургуулиудын эмчилгээний биеийн тамирын багш нар 10-н өртөөгөөр хийв.
МТОХ нь “Эрүүл Тамирчин ” хөтөлбөрийн хүрээнд 6 төрлийн эрүүл мэндийн үзлэгийг жилийн турш, үнэ төлбөргүй ээлжлэн зохион байгуулан оюуны бэрхшээлтэй хүмүүсийг эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, чанартай эмчилгээ, үйлчилгээнд хамруулахаар зорин ажиллаж байна.