Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөл өнөөдөр дүүргийнхээ Тамгын газрын байрны өмнө тайван жагсаал хийж байна. 2016 оны орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн ИТХ 41 төлөөлөгч сонгох ёстой байснаас 39 төлөөлөгч бүрэн эрхээ баталгаажуулсан. Харин 10, 19 дүгээр хорооны дахин сонгууль ирэх 10 дугаар сард зохион байгуулагдах юм.
Баталгаажсан 39 төлөөлөгчийн 20 нь Ардчилсан нам, 19 нь Монгол Ардын нам. Эндээс аль ч нам дангаараа засаг барих хэмжээний ялалт байгуулаагүй гэдэг нь харагдаж байгаа юм. Гэвч АН өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийг хууль бусаар удирдсаар байгаа явдлыг иргэд эсэргүүцэж ийнхүү жагсаал зохион байгууллаа.
Жагсаалд оролцож байгаа иргэд “Баянзүрх дүүргийн удирдлагууд өнгөрөгч 2012 оноос хойш дүүрэгтэй дорвитой ажил хийгээгүй. Улс төрийн элдэв шоу л хийсэн” гэж мэдэгдэж байна. Мөн “Хамгийн их хүн амтай дүүрэг. Шилжилт хөдөлгөөн хийхэд маш их хүндрэл бэрхшээл гардаг. Газрын маргаантай. 28 дугаар хороо нь хогондоо дарагдчихсан. Иргэдийн амьдрах эрүүл аюулгүй орчин байхгүй. Хороодын Засаг дарга нар нь албан ёсоор батламжлагдаагүй учраас иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэл үүсч байгаа” гэх мэт бэрхшээлүүдийг дурдаж байна.
Энэ бол улс төрийн асуудал бус. Харин өдийг хүртэл шийдвэрлэж чадахгүй байгаа засаглалын асуудлаас болж иргэд хохирч байгаа асуудал юм.
БЗД-ийн АН олонх болж чадаагүй. Гэсэн хэдий ч өдийг хүртэл дүүргийг хууль бусаар удирдсаар байгаа бөгөөд энэ хугацаанд төсвийн хөрөнгийг үр ашиггүй захиран зарцуулсаар байна. Үүнийг аудитын дүгнэлтээр тогтоосон бөгөөд дүүргийн зарим албан тушаалтанг АТГ шалгаад эхэлсэн байна.
Тухайлбал, Аудитын дүгнэлтээр:
-Засаг даргын нөөц сангаас иргэдэд хэвийн боов өгөхөд зориулж 48.285.000 төгрөг
-Конторын барилгын засварт зориулалтын бусаар 22.751.100 төгрөг
-Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт 12.000.000 төгрөг
-БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлд 98.400.000 төгрөг
-Улаанбаатар телевизэд 4.000.000 төгрөг
-Дүүргийн цахим хуудсанд тавигдсан мэдээллийг түгээлгэхээр 41.110.000 төгрөг
-БЗД-ийн Шижир амралтын газар 30.000.000 төгрөг тус тус шилжүүлснийг тогтоожээ.
Мөн нийслэлийн аудитын газраас 2016 оны санхүүгийн тайланг буруу хөтөлсөн албан тушаалтанд тавьсан 12.172.200 төгрөгийг дүүргийн төсвөөс төлж барагдуулсан. Дүүргийн Засаг даргын гурван орлогч, нэг зөвлөхийн цалингийн зардалд 34.872.400 төгрөг зарцуулсан. БЗД-ийн татварын хэлтэст батлагдсан төсвөөс хэтрүүлэн 2.000.000 төгрөг олгосон. Төсвийн 551.500 төгрөгөөр архи согтууруулах ундаа худалдан авсан. Шинэ жилийн баярт зориулж, зөвхөн бэлэг дурсгалд л гэхэд 9.780.000 төгрөг зарцуулсан гэх мэт маш олон зөрчлийг илрүүлсэн байна.
Энэ зөрчлүүдийг харсан иргэд бухимдахгүй байж чадсангүй. Тиймээс алдаа засч, албан тушаалаа хүлээлгэн өгч, огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, шаардлагаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Баясах, дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг нарт хүлээлгэн өгөхөөр ийнхүү жагсаж байна.