Араатан бэлтгэчихээд аврал эрсээр байх уу

Олон нийт цаазын ялыг сэргээхийг хүсч байна. Үнэхээр ийм зүйл хүсэхээс ч аргагүй нөхцөл байдал үүсчихлээ. Хүн төрхтэй араатнууд дунд амьдраад ч байгаа юм шиг санагдахаар Ерөнхийлөгчөөсөө цаазын ялыг сэргээгээд өгөөч гэж гуйхаас яах билээ. Итгэхэд бэрх үйл явдлын гэрч нь болсон бид л ирээдүй гэрэлтэй байх уу, үгүй юу гэдгийг шийдэх цаг болжээ.  Гэхдээ …

Авлига, хээл хахууль, офшор данс, уул уурхай, газар шороо, эрх мэдлийн төлөө бишгүй л олон удаа тэмцэж, эсэргүүцлээ. Ээжүүд, эмэгтэйчүүд минь ч хүртэл нүцгэлэж байгаад тэмцэхийг олж харсан. Яг одоо хотын төвд улс төрийн агуулгатай нэгэн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Мөн хуулийн байгууллага шалгаж байгаа асуудлыг хүртэл эсэргүүцэж жагсаал зохион байгуулах тухай цахим хуудсаар бичсээр байгаа. Гэвч …

Саруул ухаант хүмүүнээс гарахгүй харгис үйлдлүүд биднээс, бидэнтэй хөл зэрэгцэн алхаж яваа хэн нэгнээс гарч байна. Хүн адгууснаас юугаараа ялгаатай вэ гэсэн асуултанд “оюун ухаан” гэж хариулдаг. Ухамсартай хүн төрөлхтөн адгуусны үйлдлийг жигшиж, зэвүүцдэг. Энэ л оюун ухаан, ухамсар юм. Өтгөнөөрөө хооллож байгаа гахай, эхийнхээ араас мордож буй үхэр, нөгөөхөө долоож буй нохой. Үүнийг харсан бид жигшиж, зэвүүцдэг. Харин нялх гэлтгүй тасчиж иддэг матрын үйлдэл, бүхлээр нь хоолой руугаа гулгуулж байгаа могойн хөдөлгөөн, төрүүлсэн эхийгээ бөгсөн биенээс нь идэж байгаа аалзны харгислал бидэнд айдас мэдрүүлдэг. Гэтэл …

Ой наймхан сартай хүү архидан согтуурлын золиос болчихлоо. Энэ үед офшор бүс, авлига, эрх мэдлийн төлөө эсэргүүцэл илэрхийлсээр байх уу. Монголын нийгэм яагаад ийм арчаагүй болчихов оо. Өмнө нь хэзээ ч ийм бузар зүйл сонсогдож байгаагүй хэмээн өвгөн ах минь толгой сэгсэрч байна. Гэхдээ толгой сэгсэрч байгаа ахын үе тэнгийн нэгэн долоохон настай охиныг оролдсон хэргээр ял сонсчихоод байгаа биш билүү. Яагаад …

Азарга хүртэл үрээ гишгэлгүй хазаж хөөдөг байтал хүн та энэ үйлдлээ архитай, ядууралтай, холбосоор байх уу. Ер нь энэ араатнуудыг хэн бэлтгээд байна вэ. Энэ нийгмийн тогтолцоо нь өөрөө араатан бэлтгэх эх үүсвэр болчихоод байна. Хүүхдүүд томчуудын анхаарал өртөхүйц хараа хяналтаас гадуур байна. Томчууд хүүхдээр зугаа гаргахуйц дорой болчихоод байна. Гэхдээ л гол буруутан архи, эсвэл арчаагүй ядуу амьдрал гэж үү. Гэнэт өөр гаригаас хүн ирчихээд хүчин үйлдээд яваа гэж ойлгож болохгүй биз дээ. Бид одоо яах ёстой вэ?

Хүчин үйлдсэн болгоны олны нүдэн дээр цаазлах тухай маш олон хүн бичиж, ярьж байна. Ингэж бичиж, ярих үедээ та өөрийгөө хүчин үйлдэгчээс ялгаагүй араатан болж байгаагаа анзаарсан уу. Хэн нэгнийг хөнөөж, цаазалснаар л энэ асуудал дуусчихдаг бол хэчнээн амар вэ.

Хятад улс хүчин хийсэн этгээдийг шууд л цаазалдаг. Энэ нь гэмт этгээдийн хувьд зовлонгүй хурдан үхэхэд боломж. Тиймээс сүүлийн үед хөнгөлөх буюу засах шийтгэлийг нэвтрүүлээд байгаа. Саудын Арабад хүчин хийсэн этгээдэд өвчин намдаах эм өгч байгаад олны өмнө цаазаар авдаг. Афганистанд толгойд нь буудах, эсвэл дүүжлэх ялтай. Египт, Иранд мөн л дүүжилдэг. Харин Энэтхэг улсад бүх насаар нь хорих шийтгэл оногдуулдаг байна. Яагаад  эдгээр улсуудыг сонгосон бэ гэж үү. Эдгээр улсууд бол хүчингийн хэрэг гаралтаар дэлхийд тэргүүлдэг улсууд юм. Тэд одоо ч тэргүүлсээр л байгаа. Хүн ам ихтэй учраас араатнууд ч их байдаг гэж ойлгож болох л байх. Гэхдээ цаазын ял араатнуудыг цөөлөхөд нөлөөлөлгүй гэдэг нь эдгээр улсуудын жишээнээс харагдаж байна.

Тэгвэл бид араатнуудаа хэрхэн цөөлөх вэ. Маш энгийн нэг аргачлал бол хүүхдэд тавих хараа хяналтыг л сайжруулах ёстой юм. Өнөөдөр хэчнээн хүүхэд сургууль, цэцэрлэггүй гэрт томчуудыг гарыг харж амьдарч байна вэ. Яг нарийн тоог гаргасан төрийн байгууллага байдаг болов уу. Тэгвэл одоо тэр бүх хүүхдийг бүртгэлжүүлж, үеийнхээ хүүхдүүдтэй сурч, боловсорч, хүмүүжих боломжийг нээмээр байна. Бүх хүүхэд эрх тэгш сурч боловсорч, сургууль, цэцэрлэгийн хяналтанд бүрэн орсны дараа багш болон сургуулийн нийгмийн ажилтнуудын үүрэг нэмэгдэнэ. Тиймээс тэдний тоог ч нэмэгдүүлэх учиртай. Биднийг бага байхад эмчийн үзлэгт оруулдаг байсан. Одоо дунд сургуулиуд ийм үзлэг хийх байгаа эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ энэ үзлэгийг улирал тутам хийдэг болгож, доогуур үзлэг, /онгон хальс цоорсон, хошногоны амсар урагдсан/ биед ил харагдах шарх сорви, хөхрөлт бяцралт зэргээс үүдэн дараа дараагийн арга хэмжээг авч болно.

Мөн эцэг эхэд өндөр хариуцлага тооцдог болох нь чухал. Үүний дараа хэрэг үйлдэгч буюу араатанг цаазлах биш ээ, хариуцлагыг нь л өндөржүүлмээр санагдаад байгаа юм. Манай улсын ялын дээд хэмжээ 25 жил. Тэгвэл 25 жил ямарч өршөөлгүй, чөлөө олголтгүй, хөнгөвчлөх нөхцөлгүйгээр хорих ял оноодог байя. Мөн 25 жилийн турш ажилласан хөдөлмөрийн хөлсийг хохирогчид сар бүр олгох тухай хуульчилмаар байна. Өөрөөр хэлбэл хүүхэд гэлтгүй хүчирхийлэл үйлдэж этгээдэд оногдуулах ялыг хүндрүүлэх тухай хуульчилж өгмөөр байна.

Харин үүнийг л хүсч ирэх гуравдугаар сарын 31-ны өдрийн жагсаалд оролцох хүсэлтэй байгаагаа хувийн хүн, эцэг хүнийхээ хувьд илэрхийлж байна. Араатныг араатнууд л бэлтгэдэг. Харин адгуусыг циркийн жүжигчин болгосон чадамж хүн төрөлхтөнд л бий гэдгийг ухамсарлацгаая.

Миний, таны, бидний хүүхдийн ирээдүй гэрэлтэй байгаа. Түүний төлөө бид тэмцэх болно. Цаг нь ирсэн.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …