Хар хоргүй цайлган байх нь бэрх
Замилан хорвоог заль мэхээр туулах юм шиг хүмүүс сэтгэдэг. Хэрэв чи цайлган зүрх сэтгэлтэй байх аваас бусдад мэхлэгдэх болно. Мэхлэх, мэхлэгдэх хоёрхон тохиол байх аваас удаахыг нь сонго! гэж Будда хэлжээ. Дотоод нандин эрдэнэ чинь хорвоогийн баялагтай зүйрлүүлэшгүй үнэ цэнэтэй. “Хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа тавьж өг. Нэг бээр газар чамаар юм зөөлгөх гэсэн хүнд хоёр бээр газар зөөж өг. Хүрмийг чинь авах гэсэн хүнд цамцаа бас тайлж өг” гэж Есүс хэлсэн нь ийм учиртай. Өрөөлийг мэхэлснээс өөрөө мэхлэгдсэн нь дээр. Тэр хүн чамаас “гадна тал”-ын юмсыг л булааж чадна. Харин чи бусдыг мэхэлснээр дотоод баялгаа алдах болно.
Өөрөө өөртөө гэрэл бол номноос
Агнистын Гэгээ
Орой бүр унтахын өмнө өдрийн явдлаа цэгнэ. Ялангуяа ухамсар сэхээ, нигүүлсэх чадвараа алдсан тохиол бүрийг сана. Чингэхдээ гэмшиж харуусах хэрэггүй. Адиша чамайг гэмшиж наманчил гээгүй, зүгээр л эргэж сана гэсэн. Нэг өдөр өнгөрлөө. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар. Ухамсараа алдсан тохиол бүрээ тунгаа. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ сэхээр. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй.
БИЛГҮҮН УХААНЫ ШАСТИР /Адиша богдын сургаал, Ошо багшийн тайлбар/ номноос
Агнистын Гэгээ
“Багш аа, билиг барамидын сударт олонтаа гардаг би-г баримтлах гэж чухам юуг хэлнэ вэ?” гэж асуухад үргэлж дөлгөөн байдаг багшийн царай гэнэт хувьсхийж “Элий балай юм асуудаг эргүү хар илжиг вэ, чи!” гэж зандрав. Насандаа ийм доромж үг сонсоогүй ноёны уур бухимдал эгшин зуур оволзож, царай нь минчийж, гүрээ нь гүрэлзээд ирэв. Тэр үед багш энх дүрэндээ эргэн орж, “За энийг чинь л би-г баримтлах гэдэг юм даа” хэмээн хариулжээ.
“УХААРАЛ БЯСАЛГАЛ ГЭГЭЭРЭЛ” номноос
Агнистын Гэгээ
Хүн бүхэн өөр өөрийнхөө өнцгөөс хорвоог хардаг. Таны л харсан зөв, бусдынх буруу биш. Надад таалагдсан зүйл танд таалагдах албагүй. Яг өөр шигээ харж, мэдэрч, сэтгэсэнгүй гэж бусдад уурлаж явдаг нь ямар учиртай юм бэ. Тийм бол буруутгаж байгаа хүн шигээ харж, сэтгэж чадаагүйн төлөө өөрийгөө буруутгаж болно шүү дээ. Бусдыг буруутгаснаас өөрийгөө буруутгасан нь дотоод хөгжилд хавьгүй дээр. Хэдий чинээ олон өнцгөөс, олон хүний нүдээр ертөнцийг харж чадна, төдий хирээр ягшмал хандлагаас салж, шүтэн барилдлагыг ухаарна.
Нэгэн зааныг сохор хүмүүс тал талаас нь тэмтэрсэн үлгэр байдаг даа. Чихийг нь барьсан хүн зааныг дэвүүр шиг гэж хэлсэн. Соёог нь барьсан хүн зааныг лууван шиг гэсэн. Хөлийг нь тэмтэрсэн хүн гуалин шиг гэсэн. Сүүлийг нь атгасан хүн олс шиг гэсэн. Хүн бүхний ойлголт ийм л байдаг. Хэн нэгнийг буруутгаж нөгөө нэгнийг нь зөвтгөх аргагүй. Гэтэл бид “миний зөв, чиний буруу” гээд л хэрэлдэж, зодолдож эхэлдэг. Билгийн нүдээр харвал бүгдийнх нь үнэн, бүгдийнх нь худал. Энэ шүтэн барилдлагыг таньсан хүн туйлын уян хатан, эвлэрэнгүй болдог. Юуг ч улайран эсэргүүцэхгүй, бас хөөрцөглөн гүйхгүй. Энэ нь өөрөө эрх чөлөөт, энгүүн байдал.
УХААРАЛ БЯСАЛГАЛ ГЭГЭЭРЭЛ /Их хөлгөний алдарт сургаал Бодичаръяаватарагийн тайлбар/ номноос
Агнистын Гэгээ
Голж шилэхийн тохиол бүрээс
Сэтгэл үймрэл аяндаа үүсдэг
Уур хилэн түүгээр хооллож
Улам төлжөөд намайг дарладаг
Таатай таагүй юу ч тохиолдсон
Талархан баясах сэтгэлээр угтъя
Баясах сэтгэлийн тангаргаа алдвал
Заяа буян минь замрах болно
“Ухаарал бясалгал гэгээрэл” номноос
Агнистын Гэгээ
Бидний мөн чанар бол ус. Гэхдээ мөс болоод хөлдчихсөн. Уг дүрэндээ орохын тулд яах вэ? Урстлаа хайлах хэрэгтэй. Нарны цацрал ч байна уу, зулын гэрэл ч байна уу хайлуулж байгаа бүхнийг хүлээн зөвшөөр. Зүрхний залбирал дундаа хүн хайлж байдаг. Зүрхний хайран дундаа хайлж байдаг. Зүрхний бясалгал дундаа хайлж байдаг. Чим чимээр дусалж л байгаа бол та зөв замдаа явж байна. Аяс аясаар уясч л байвал та зөв замдаа явж байна. Өөр ямар ч шалгуур байхгүй. Хэдий чинээ сүлд тэмдгийг хүлээж авна, төдий чинээ бурханлагийн гялбааг хүлээж авна. Тэр бүхэн таны удтал царцаж хөлдсөн би-гийн чинь мөсийг хайлуулна. Би-гээс чинь, бэртэгчин сэтгэлээс чинь юу ч үлдэхгүй болтлоо хайлсан тэр цагт та Будда болно.
УХААРАЛ БЯСАЛГАЛ ГЭГЭЭРЭЛ /Их хөлгөний алдарт сургаал Бодичаръяаватарагийн тайлбар/ номноос
Агнистын Гэгээ
Нэгэн удаа Будда голын цаад эрэгт гарахаар завь хүлээн суув. Тэгтэл нэг даяанч Буддад ид шидээ гайхуулах гэж голын усан дээгүүр нааш цааш алхан явжээ. Будда түүнийг хараад инээмсэглэж:
– Ийм ид шидийг та хэдий хугацаанд эзэмшив гэж асуухад даяанч:
– Би гучин жилийн турш уйгагүй хичээллэсэн дээ гэж омог бардангуй хэлэв.
– Ердөө ганц зоос төлөөд завиар гаталчих газар гучин жилийн хөдөлмөрөө зарцуулсан тань харамсалтай хэрэг гэж Будда хэлжээ.
УХААРАЛ БЯСАЛГАЛ ГЭГЭЭРЭЛ /Их хөлгөний алдарт сургаал Бодичаръяаватарагийн тайлбар/ номноос
Агнистын Гэгээ