Дэлхийн театрын өдрөөр “ Парисын дарь эхийн сүм” амиллаа

1962 оноос хойш “Дэлхийн Театрын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ.Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид энэхүү баярыг угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд” болгон зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлүүдээс сор болсон жүжгүүдээ үзэгч түмэндээ өргөн барьдаг. Өчигдөр сонгодог бүтээлийн нэг болох В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм” жүжиг тайзнаа “амиллаа”.

“Парисын дарь эхийн сүм” сонгодог жүжгийн Эсмеральдагийн дүрд СТА Н.Баярмаа, Квазимодагийн дүрд СТА С.Болд-Эрдэнэ, Фебийн дүрд залуу жүжигчин Ганбат, Фроло хамбын дүрд СТА Г.Эрдэнэбилэг, Гренгуар дүрд МУГЖ Л.Дэмидбаатар, Гудул дүрд СТА Б.Нармандах, Клопен дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, Лисийн дүрд СТА Ц.Баясгалан нар тоглолоо.

УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Олон Улсын театрын баярын өдрийн мэндийг нийт үзэгч түмэндээ хүргэе. Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид Олон Улсын театрын өдрийг тохиолдуулан дэлхийн сонгодог бүтээлүүдийг үзэгч түмэндээ уламжлал болгон хүргээд тодорхой хугацаа өнгөрсөн байна.

Өнөөдөр сонгодог жүжгийн өдрүүдийг алдарт В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм” жүжгээр нээж байна. Үүний дараа У.Шекспирийн “Ромео Жульетта”, “Гамлет” М. Сервантесийн “Кихот Ноён”, Л.Толстойн “Адууны түүх” зэрэг бүтээлүүд тайзнаа тоглогдоно. Мөн дэлхийн сонгодог өдрийг тохиолдуулан инээдмийн жүжгүүдийг үзэгч түмэндээ хүргэхээр зорьж байна. Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Кунигийн “Эцсийн зогсоол зөвхөн чи”, Н.Себастьяны “Нэргүй од”, Нобелийн шагналт зохиолч Дарио Фогийн “Чөлөөт хос” зэрэг бүтээлүүдийг үзэгч түмэндээ хүргэнэ” гэлээ.

“Дэлхийн Театрын өдөр” –ийг тохиолдуулан Ардын жүжигчин Н.Сувд гуайн “Дэлхийн театрын түүх” номын нээлтийн ёслол боллоо.

Ардын жүжигчин Н. Сувд “Соёл Урлагийн их сургуулийн театрын урлагийн мэргэжил эзэмшиж байгаа театрын залуучуудад зориулж гарын авлага болох зорилготойгоор “Дэлхийн театрын түүх” номыг өөрийнхөө мэдлэг чадварынхаа хэрээр бичлээ. Энэ номноос зөвхөн Монголын театрын тухай биш дэлхий даяар театрын урлагийн хөгжил ямар төвшинд байна вэ? гэдэг мэдээллийг театр сонирхогч уншигчид авч чадах байх гэж найдаж байна” гэж ярилаа.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …