МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах санал тавьсны дагуу өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдсан зарим асуудлаар Улсын гурван талт хэлэлцээрийн бэлтгэлийг хангаж ойрын хугацаанд эхлүүлэхээр тогтлоо.
Үндэсний хорооны хурлаар, УИХ-аас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн насны доод хязгаарын нэмэгдлийг эргэн авч үзэж өөрчлөхдөө хөдөлмөрийн хэвийн бус хүнд, хортой нөхцөлийг хамруулахгүйгээр хуульд өөрчлөлт оруулсан. Энэ асуудлыг хаврын чуулганы эхэнд хуулинд нэмж тусгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд МҮЭ-ийн холбооны тусгагдаагүй үлдсэн саналыг Ажлын хэсэг дахин хэлэлцэж УИХ-ын холбогдох Байнгын хороонд хүргүүлэх, Цалин хөлсний асуудлаар зөвлөлдөх үндэсний дэд хороо Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлаар санал боловсруулж Үндэсний хороонд танилцуулж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохоор тохиролцлоо.
Түүнчлэн 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болгох, Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, Хамтын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг салбар хариуцсан яамд тухайлбал боловсрол, уул уурхай, эрүүл мэнд, барилга, тээвэр гэх мэт салбарт онцгойлон хангуулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулж Үндэсний хороонд танилцуулж, УИХ, Засгийн газарт хүргүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж ажилд нь орууллаа.
Цалин нэмэх асуудлаар Улсын гурван талт хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлж нарийвчилсан тохиролцоо хийхээр боллоо.