Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтэрснээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээ шуурхай болж, нийтийн тээврийн орлого нэмэгдэж, зорчигч урсгалын судалгааны бүх талын бодит тоон мэдээлэлтэй болсон.
Гэвч автобусанд бэлэн мөнгөөр зорчих явдал бүрэн арилахгүй, цахим карт борлуулах, цэнэглэх цэгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна.
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зүгээс автобусны зогсоол дээрх ТҮЦ болон түүнтэй ойр байрлах дэлгүүр, сонин борлуулах цэгүүдтэй гэрээ байгуулан ажилладаг боловч зарим гэрээт цэг нь нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьтай уялдаж ажиллахгүй, цэнэглэх үйлчилгээг идэвхгүй үзүүлэх, хүссэн үедээ хаах зэрэг асуудлууд байдаг.
Иймд Улаанбаатар смарт карт ХХК-ийн зүгээс “U money үйлчилгээний цэг”-ийг байгуулан Нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Нийслэлийн тээврийн газрын дэмжлэгтэйгээр “Хүннү Их Дэлгүүр”-ийн автобусны буудлын дэргэд туршилтаар ажиллуулж эхэллээ.
U money үйлчилгээний цэгийн давуу талууд:
Шугамын орлого төвлөрөлтөд эерэг нөлөөлөл үзүүлж нийслэлийн төсвөөс гарч буй машин цагийн зардлыг бууруулна.
Үйлчилгээний цэг тогтвортой үйл ажиллагаагаар хангагдаж тухай бүсийн зорчигчид уртасгасан цагаар автобусны карт худалдан авч цэнэглүүлэн хялбар үйлчилгээ авна.
ЛЕД дэлгэцээр дамжуулан ойртон ирж байгаа автобусны мэдээллийг түгээнэ.
Мэдээллийн самбар болон ЛЕД дэлгэцээр олон нийтэд Нийслэл хотын болон шаардлагатай мэдээ мэдээллийг түгээх боломжтой болно.
Гаднах хяналтын камераар орчны болон автобусны буудлыг аюулгүй байдлыг хянана.
Цаашид харааний бэрхшээлтэй иргэдэд зориулан автобусны мэдээллийн самбарыг дуугаар зарладаг болгон хөгжүүлэлт хийх судалгааны ажил хийгдэж байгаа аж.