“Хариуцлагатай сэтгүүл зүй” үндэсний форумыг хот дэмжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг өчигдөр  хүлээн авч уулзлаа.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэхдээ “Монголын сэтгүүлчдийн байгууллага нь үе үеийн хотын удирдлагатай хамтран ажиллаж ирсэн. Учир нь Улаанбаатар хотод хэвлэл мэдээллийн байгууллагын 80 орчим хувь нь үйл ажиллагаа явуулдаг болохоор хүссэн ч эс хүссэн ч хотын ажил амьдралтай холбогдож ирсэн билээ. Нөгөө талаар МСНЭ-ийн удирдлагын шинэ баг менежментээ тодорхойлон ажиллаж байгаа. Үүнд нэн тэргүүнд хэвлэл мэдээллийн байгууллагын уран бүтээлчдийг орон сууцаар хангах, сэтгүүлчдийн ордон байгуулах асуудал тавигдаж байна. Бусдын төлөө, нийгмийнхээ сайн сайхны төлөө тасралтгүй ажилладаг хэвлэлийнхний нийгмийн асуудал орхигдож ирсэнийг онцлох хэрэгтэй. Үе үеийн хотын дарга нарын үед яригдаад бүтээгүй “Сэтгүүлчийн ордон”-гоо барих газрын асуудлыг эерэгээр шийдэх, 1000 сэтгүүлчийн хотхон бий болгоход дэмжиж өгөхийг хүсч байна. Түүнчлэн 2018 оны тавдугаар сарын 3-нд болох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хариуцлагатай сэтгүүл зүй” үндэсний форум хийхээр төлөвлөсөн. Нийслэлийн зүгээс дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “МСНЭ-тэй үе үеийн хотын дарга нар хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Миний бие Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг боловсруулсан ажлын хэсэгт ажиллаж, УИХ-д өргөн барьсан цөөн гишүүний нэг. Мөн Олон нийтийн радио телевизийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдлын тухай хууль зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой, энэ салбарын асуудлыг хөндсөн хууль боловсруулахад оролцож байсан улс төрчийн хувьд МСНЭ-ийн байгууллагыг ямагт дэмжин ажиллана. Тиймээс ч ирэх сарын 3-нд болох дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг эвлэлтэй хамтран зохион байгуулахад татгалзах зүйлгүй. “Сэтгүүлч ордон”-ы газар, 1000 сэтгүүлчийн орон сууцны асуудлыг судалж, шийдвэрлэе. Салбар бүрийн ажилтан албан хаагч нарт орон сууцны асуудал хамгийн гол тулгамдаж байдаг. Тиймээс хэвлэлийнхэн төдийгүй эрүүл мэнд, боловсрол зэрэг бүхий л салбарынхныг орон сууцжуулах талд анхаарч ажиллаж байна. Нийслэл хот нээлттэй, бодит, үнэн зөв мэдээллээр иргэдээ хангах үүрэгтэй. Энэ үүргийг дөрөв дэхь засаглалынхан гүйцэтгэдэг. Алдвал ташуурдаж, оновол дэм өгдөг онцгой салбар. Засаглалынхаа үүргийг сайн биелүүлдэг гэж боддог” хэмээн онцоллоо.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Сэтгүүлчдийн нийтлэг эрх ашиг, нийгмийн асуудал,  сэтгүүл зүйн салбарт тулгамдсан асуудлуудыг ярилцаж, үр дүнтэй уулзалт болсонд миний бие баяртай байна. МСНЭ-ээс Нийслэлийн Засаг дарга болон удирдлага хамт олонд 3 хүсэлт тавьсан. Тавдугаар сарын 3-нд болох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь сэтгүүлчдийн хувьд хамгийн их ач холбогдол өгдөг, бидний хамгийн чухал тэмдэглэлт өдрүүдийн нэг. Энэ үеэр үе үеийн хотын дарга нар сэтгүүл зүйн салбарыг дэмжих зорилгоор хамтарч ажилладаг уламжлалтай. Үүний дагуу энэ жилийн үйл ажиллагааг хамтарч зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч, дэмжиж байгаа явдалд баяртай байна. Хоёрдугаарт, үе үеийн эвлэлийн ерөнхийлөгчдийн хүсэл мөрөөдөл болсон, цаг ямагт анхаарч ирсэн асуудал бол “Сэтгүүлч ордон” юм. Энэхүү ордныг барих газар, 1000 сэтгүүлчийн хотхон барих асуудлыг нааштай ойлголтой байж, асуудлыг судалж, шийдвэрлэхээр болсонд талархаж байна” гэв .

 

 

 

Санал болгох мэдээ

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Траст трейд” ХХК, …