“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ээс гаргасан мэдэгдэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНДЭД ХАЛДАГСАДЫГ
ШҮҮХЭД ӨГӨХӨӨ МЭДЭГДЭЖ БАЙНА
2018 оны 04 сарын 06
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 1500 ажилтантай. Нийслэлийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг хүргэн 60%-ийг хариуцан ажилладаг. Манай хамт олон 2017 онд Нийслэлийн нийтийн тээврийн шилдэг байгууллагаар шалгарсан. Нийслэлийн Төрийн Аудитын газраас 2017 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийгээд зөрчилгүй гэж дүгнэсэн. Гэтэл “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ыг төлөөлөх эрхгүй ажлаас гарсан, тэтгэвэрт гарсан, тэтгэмжээ бүрэн авсан иргэд удаа дараа улс төрийн зорилгоор ташаа мэдээлэл өгч байгууллагын болоод 1500 ажилтаны нэр хүндэд шууд халдаж байна. Тиймээс шүүхэд хандах болсноо албан ёсоор мэдэгдэж байна.
Санхүүгийн чиглэлээр
Нэгтгэл болсноор хөдөлмөр зохион байгуулалт, санхүүгийн сахилга батыг сайжруулж байгууллагын алдагдлыг бууруулан ажиллаж байна Хөдөлмөрийн тухай хуулинд долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна гэж заасан байдаг. Нийслэлийн тээврийн газраас гаргасан цаг чиглэл графикийн дагуу л ажилладаг.
Нийтийн тээврийн байгууллага нь сахилга, хариуцлага өндөртэй байх ёстой. Нийтийн тээврийн стандарт зөрчсөн ажилтнуудад Хөдөлмөрийн хууль болон дотоод журмын дагуу тодорхой арга хэмжээ авдаг. Үүнээс өөрөөр эрхзүйн үндэслэлгүйгээр ажилтны цалингаас хассан явдал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Ухаалаг нийтийн тээврийн үйлчилгээ буюу смарт картад шилжсэн 2015 оноос хойш манай байгууллагын нэг ч хүний цалин өөрчлөгдөөгүй.
Зарим хүмүүс байгууллагыг ашигтай ажилладаг гэж ярьсан.Энэ бол буруу ойлголт. 2015-2017 онд ашигтай ажиллаагүй. Харин 2017 онд 2 тэрбум төгрөгөөр алдагдлаа бууруулж ажиллаж санхүүгийн чадавхаа сайжруулж байгаа. Цалингаас бусад бүх зардал дээр танаж хэмнэж ажиллаж байна. Цалингийн зардал бол үйл ажиллагаа тогтмол явагдаж байгаа үед хэмнэх боломжгүй зардал юм.2017 онд Нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээ, контракт гэрээгээ бүрэн хангалттай дүгнүүлсэн.
Хүний нөөцийн чиглэлээр
3-р баазын үйлдвэрчний эвлэлийн дарга байсан П.Баттулга 2015 оны 06 дугаар сард үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажил хийхээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг.
2015 оны 10 дугаар сарын 14-ны Б/1501 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөж, ажилдаа орох хүсэлт гаргасаны дагуу эргээд жолоочоор ажилд авсан.
2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 2 сарын хугацаанд хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр ажил таслаж хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан. П.Баттулга нь хуулийн үндэслэлгүй ажлаас халсан байна гэж ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах буюу 2 шатны шүүхээс П.Баттулгын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн бөгөөд байгууллагыг хуулийн дагуу шийдвэр гаргасан байна гэж үзсэн.
Тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар : Зорчигч тээврийн нэгтгэл нь 2017 онд 32 ажилтан албан ёсоор өндөр насны тэтгэвэрт хууль журмын дагуу гарсан. Эдгээр гарсан ажилтнууд маань бүгд үйлдвэрчний эвлэлтэй байгуулласан хамтын гэрээний дагуу 1-12 сарын цалинтай тэнцэх буюу 11 сая хүртлэх төгрөгийн мөнгөн дүнтэй тэтгэмж авсан байна. Хэвлэлийн бага хуралд оролцсон хүмүүс нь байгууллагаас өндөр насны тэтгэвэрт холбогдох хууль гэрээний дагуу тэтгэвэрт гарсан хүмүүс байна. Тухайлбал:
З.Энхтүвшин нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн б/707 өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарсан, байгууллагаас үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний дагуу 8 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж,
Г.Уранхайч нь 2017 оны 11 сарын 22-ны өдрийн б/992 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарсан ба мөн байгууллагаас үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний дагуу 8 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг тус тус авсан. Иймд байгууллагын зүгээс тэтгэвэрт гарсан болон гарч байгаа ажилтнууддаа хуулийн дагуу тэтгэвэр тэтгэмжийг олгож байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
“ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ” ОНӨААТҮГ