Жирэмсний үед нэмсэн жинг төрсний дараа хэрхэн хасч, эрч хүчээ сэргээх тухай

Ээж болно гэдэг баяр хөөр дүүрэн үйл явдал хэдий ч та жин нэмж, мөн ядарч байна уу. Төрсний дараа жингээ хасч, эрч хүчээ сэргээх 8 зөвлөгөөг танд хүргэж байна.

Эрүүл саруул хүүхдээс гадна шинэхэн ээжүүдийн хамгийн их хүсдэг 2 зүйл бий. Үүнд: Жирэмсэн үедээ нэмсэн жингээ хасах, тэнхэрч эрч хүчтэй болох. Унжсан гэдэс минь арилах болов уу, нарийхан жинсэн өмдөө дахин өмсөж чадах болов уу хэмээн санааширч суугаа бол тиймээ, та чадна гэж хэлмээр байна. Гэхдээ яарч болохгүй. Нүднийхээ зовхийг тэвхдэх шахан байж өдрийг туулах үе нэг л мэдэхэд ард тань хоцорно. Жирэмсэн байхдаа нэмсэн жингээ хасч, эргээд эрч хүчтэй болоход хугацаа шаардлагатай. Ээж болсон даруйдаа анхаарах гол зүйл тань хүүхдэдээ болон өөртөө санаа тавих явдал юм.

Хэрэв та ээж болоод удаагүй байгаа бол жирэмсэн үедээ нэмсэн илүү жинтэй байх нь мэдээж. Ингэж жин нэмсэн нь ч учиртай. Шинэ төрсөн хүүхдээ хооллоход шаардагдах энергийг нөөцлөхийн тулд та байгаль эхийн хүслээр ташаа, гуя, бэлхүүсээрээ нэмэлт өөх хуримтлуулдаг. Хэрвээ та жирэмсэн үед бий болсон жингээ хасах гэж хэт яарвал тамир тэнхээ тань барагдах болно. Дээр нь хэрэв та хөхүүл бол жингээ хасах нь хөхний сүүний гарц болон чанарт муу нөлөөтэй.

Мэдээж та ядарч байгаа. Төрөөд тэнхэрч амжаагүйн дээр шөнө хэд босч хүүхдээ хөхүүлнэ. Үсээ ч угаах тэнхэлгүй байхад юун өөртөө эрүүл хоол зэхэх манатай л байгаа биз дээ. Зүгээр дээ – цаг хугацаа өнгөрч, хүүхэд тань арай урт хугацаагаар унтдаг болох үед танд хоол бэлтгэх, дасгал хийх цаг зав гарна. Энэ үед л та жирэмсэн байхдаа нэмсэн жингээ хасч эхлэх хэрэгтэй. Уургийн нэмэлт эх үүсвэрийг эрүүл хоолллох замаар хэрэглэж болно.

Ихэнх бүсгүйчүүд төрсний дараа хэдий хугацаанд жин хаяхыг мэдэх хүсэлтэй байдаг. Гэвч хариулт нь энгийн биш. Эхний хэдэн долоо хоногтоо хэр их хэмжээний илчлэг хэрэглэж байгаадаа санаа зовохгүйгээр зөвхөн ээж хүний амьдралд дасан зохицох, хүүхэдтэйгээ нандин холбоо тогтоох, сайн идэх, шингэнээ сайн нөхөх, хангалттай сайн амрах зэрэгт гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Харин ээж, нярай хоёр тогтсон хэвшилтэй болж ирэх үед долоо хоногт 0,45-0,9 кг жин хасахад туслах хооллолтын болон дасгал хөдөлгөөний хуваарьтай болох хэрэгтэй.

Дараах энгийн бөгөөд үр дүнтэй зөвлөгөөг дагаж, жингээ хасаарай

Тэнцвэртэй хоол тэжээл хэрэглэхэд анхаар

Ялангуяа эхний нэг, хоёр сард хоол ундныхаа илчлэгийн хэмжээнд анхаарал хандуулахгүйгээр биеэ тэнхрүүлэхэд хэрэгтэй шим тэжээллэг хоол хүнс хэрэглэхэд голлон анхаар. Энэ үед биеийн жингийн талаар бодох ч хэрэггүй. Тослог багатай уураг, цагаан идээн бүтээгдэхүүн, эрүүл жимс, хүнсний ногоо, бүхэл үрийг багтаасан эрүүл, бэлтгэхэд хялбар, шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь таны зорилго байх ёстой. Энэ нь биеийн эд эсийг төлжүүлэхэд шаардлагатай уураг, бусад шим тэжээл болон кальци, төмөр зэрэг төрсөн эхчүүдэд нэн чухал эрдэс бодисыг танд хангаж өгнө. Таны биед асар их өөрчлөлт явагдаж байгаа. Та сайн идэх, харвингүй, эрүүл чийрэг болоход анхаарах нь зүйтэй. Жирэмсэн үедээ нэмсэн жинг аяндаа алга болно гэж битгий бодоорой.

Хоол хийх цаг зав, эрч хүч байгаа бол үргэлж илүү хоол бэлтгэ
Нэгэнт л ажил удаж байгаа хойно илүү гарсан хүнсийг дараа хоол хийхээр хөлдөөж хадгалах юмуу эсвэл хөргөгчинд хийж маргаашийн үдийн хоолонд хэрэглэж болно шүү дээ. Хэрэв гэрт тань битүү чанагч байхгүй бол худалдаж авахыг хичээгээрэй. Учир нь шөл, шөлтэй хоол, эсвэл бүтэн тахиаг өглөө битүү чанагчиндаа хийж өдөржин чанавал орой гэхэд тун амттай зоог бэлэн болсон байх болно. Эрүүл хэрнээ амттай!!!

Шингэнээ нөхөж, кафейны хэрэглээгээ багасга
Шингэн дутагдвал ядарч сульддаг тул хангалттай хэмжээний шингэн авч байх нь чухал. Хүүхдээ хөхүүлэхээр суух бүртээ нэг стакан ус юмуу нэг аяга ургамлын гаралтай цай ууж байх хэрэгтэй. Хэрэв та хүүхдээ хөхөөрөө хооллолдог бол кафейнаас зайлсхийх нь зүйтэй. Харин хүүхдээ угждаг бол шөнө сайн унтахын тулд үдээс хойш кафейны хэрэглээгээ багасгаарай.

Илүү ид, гэхдээ юм бүхнийг идэх хэрэггүй
Хэрэв та хүүхдээ хөхөөрөө хооллодог бол жирэмсэн үед хуримтлагдсан өөх хөхөнд тань сүү ороход шаардлагатай илчлэгийг хангаж өгнө – өдөрт ойролцоогоор 500 ккал орчим хэмжээнд. Энэ нь жин хасахад хэрэгтэй. Гэхдээ хоёр хүний өмнөөс идэх гэдгийг “харагдсан болгоноо идэх”-ийн нэр гэж ойлгож болохгүй. Танд хүүхдээ хөхөөр хооллоход нэмэлт илчлэгээс гадна нэмэлт шим тэжээл хэрэгтэй. Тэрхүү 500 ккал илчлэг нь уураг, кальци, төмөр зэрэг шим тэжээлийн бодисыг хангахад тустай. Хүүхдийг хөхүүлэх нь өөх тос, чихэрлэг зүйлс идэх шалтаг биш. Тэгээд ч эдгээр нь улам жин нэмэхэд хүргэнэ.

Амттангаа анхаар
Зарим шинэ ээжүүд ядарч сульдсан байдлаасаа гарахын тулд өдөржин чихэрлэг зүйл, амттан иддэг бөгөөд энэ нь таагүй үр дагаварт хүргэдэг. Цусан дахь сахарын хэмжээ огцом өссөний дараа хурдацтай буурдаг бөгөөд энэ байдал давтагдсаар байдаг. Мэдээж чихэрлэг хүнс чанартай хоол тэжээлийг орлохгүй.

Эрүүл хүнс ахиухан нөөцөлж ав

Хөлдөөсөн ногоо болон жимс, шош, туна загас гэх мэт лаазалсан эрүүл хүнс нэн чухал. Хөлдөөсөн ногоо нь шинэ ногооны адил шим тэжээлтэй бөгөөд илүү эрүүл болгох үүднээс ийм ногоог лаазалсан шөл, хүргэлтийн хятад хоолонд нэмж хэрэглэдэг. Хэрчсэн жимс, хүнсний ногоо, тослог багатай иогурт зэргийг хөргөгчиндөө нөөцөлж ав. Шууд хэрэглэх эрүүл хүнс бэлэн байх үүднээс хоолны шүүгээндээ мөн эслэг ихтэй амуу будаа, уургийн батончик, бүхэл үрийн хатаасан жигнэмэг зэргийг нөөцлөөрэй. Өлсөж ядарсан үед буруу хүнс идэж хэрэглэхээс өөрийгөө хамгаалахын тулд эрүүл хүнс бэлэн байлгах нь хамгийн шилдэг арга.

Өөдрөг байж, чухал зүйлст анхаарлаа хандуул

Таны болон таны хүүхдийн эрүүл мэнд юу юунаас илүү чухал. 9 сарын хугацаанд нэмсэн жинг нэг хоногийн дотор алга болно гэж найдах хэрэггүй. Ололт амжилтандаа анхаарлаа төвлөрүүл! Ээж болсон нь таны хамгийн том ололт юм шүү!

Бичсэн: Сюзан Бауэрмэн, шинжлэх ухааны зохиолч,

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …