Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг шалгах мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт үргэлжилж байна.
Хяналт шалгалт энэ сарын 22-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж 21 байгууллага хамрагдана.
Өнөөдрийн байдлаар 10 байгууллага хамрагдаж, шалгалтаар Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 52 зөрчил илрүүлж, шалгалтын явцад 6 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар холбогдох албан тушаалтнуудад мэргэжлийн заавар зөвлөгөөг өгчээ.
Сануулахад, өнгөрсөн сард “Тэнүүн огоо” ХХК-ийн 48 дугаартай, Зүүн салаа-МУБИС чиглэлийн автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байх явцдаа шатсан хэрэг гарсан. Мөн энэ мэтчилэн галын аюулгүй байдалтай холбоотой хэргүүд өмнө нь гарч байсан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ