Манай улс хил гаалиар түүхийн хосгүй үнэт зүйлсийг хууль бусаар гаргах гэсэн оролдлогууд нэлээдгүй гардаг.
Тэгвэл өнгөрсөн оны 6-р сарын 5-ны өдөр МИАТ-ын ажилтан Гомбодоржийн Хишигжаргал гэгч нөхөр манай улсын бичиг соёл, түүхийн хосгүй үнэтэй ном судар, эдлэл хэрэглэлийг хил гаргах гэж байгаад баригдсан.
Шүүхээс түүний гэм буруутай үйлдэлд хоёр жилийн тэнсэн харгалзах ял өгсөн байна. Ингээд хэргийн дараа түүхийн хосгүй үнэт бүтээл болон ном судрууд гаалийн эд мөрийн баримт хадгалах газар хадгалагдаж үлдсэн юм.
Харин өнөөдөр ССАЖЯ-аас хураагдаад байсан түүхийн дурсгалт бүтээлүүдийг Үндэсний номын санд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл Үндэсний төв номын сангийн захирал Х.Чилаажавт 128 соёлын баримтат өвийг хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү 128 соёлын баримтат өвөөс 10 ширхэг нь түүхийн хосгүй өв санд бүртгэгдсэн үнэлж барамгүй алт, есөн эрдэнээр урласан судрууд байсан юм. Тухайлбал, алтаар урласан Доржжодба, Цэнд , Жүгдэрнамжил, Санжодмонлан, Хорин нэгэн дарь эхийн судар зэрэг байгаагаас Доржжодба нь зурмал бурхантай алтаар бичсэн гайхамшигт бүтээл байлаа.
Түүхийн соёлын үнэт бүтээлүүдийг үндэсний номын сангийнхан бүртгэж архивласны дараа ариутгал хийх гэнэ. Ариутгал хийгдэж дуусахад долоо хоног шаардлагатай бөгөөд үүний дараагаас эрдэмтэн судлаачид уншиж танилцах боломжтой болох юм байна.
О.Рана