“Сууц өмчлөгчдийн холбоо”-ны эрх зүйн байдал хэлэлцүүлэг болно

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачлагаар энэ сарын 19-нд “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээнд зохион байгуулна. Уг хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны дарга, Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд болон Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл оролцоно.

Хэлэлцүүлгээр сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх тухай саналыг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэх юм байна.

Одоогоор манай улсын хэмжээнд 627 сууц өмчлөгчдийн холбоод үйл ажиллагаа явуулж буй гэсэн албан тоо байдаг байна. Эдгээрийн 85 хувь нь хангалттай үзүүлэлттэй байгаа хэдий ч иргэдийн зүгээс гаргаж буй гомдол, маргааныг одоог хүртэл шийдвэрлэж чадахгүй байгаа нь менежментийг нь бодиттой, үр дүнтэй зохион байгуулах, иргэд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тулгараад байгаа юм.

Мөн Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчиддаа явуулж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгдөггүй тул оршин суугчид бүрэн хяналт тавих боломжгүй, шинэ баригдсан орон сууцны сууц өмчлөгчдийн холбоо ямар байдлаар байгуулагдсан эсэх нь тодорхой бус, үнэ тарифыг үндэслэлгүй тогтоодог, орон сууцны зориулалт, төлөвлөлтийг дураараа өөрчилж буйд хяналт тавьж чаддаггүй. Иргэдээс болон дундын өмчлөлөөс орсон түрээсийн төлбөр зэрэг мөнгөн хуримтлалыг зориулалтын бус зүйлд зарцуулдаг зэрэг олон зөрчил дутагдалтай байсаар байна.

Иймд сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлыг хуульчлан сайжруулж зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм байна.

Холбоо барих утас: 99778377

НИТХын ХМОНХТ

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …