Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа.
Тэрбээр “Аймаг, сумдын газар зохион байгуулалтын ажлыг тус орон нутгийн ИТХ-аас баталж байна. Баталсан төлөвлөгөөний дагуу газар хувьчлах ажил үргэлжлэн явагдана.
Монгол Улсын иргэн бүрт 0.07 га газар үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусгавар болж байгаа учир ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар хуулийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэлээ. Монгол Улсын иргэнд газар үнэгүй өмчлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.
Уг хуулийн хэрэгжүүлэх хугацааг долоо дахь удаагаа сунгалаа. Хуулийн хугацаа дуусах дөхөхөд иргэд хэрэгцээтэй, хэрэгцээгүй хамаагүй маш олноор газар хувьчилж авдаг юм байна.
Иргэн бүрт газрыг нэг удаа үнэгүй хувьчилна гэж бодлогынхоо дагуу газрыг үргэлжлүүлэн үнэгүй хувьчилна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.7 хувь нь газар хувьчилж авсан. Хуулийн хугацааг сунгасны дараа газар өмчлөх явц удааширдаг.
Улаанбаатар хотын хувьд хувьчлах газрын төлөвлөгөөг НИТХ-аас баталж байгаа. Хувьчлал цаашдаа баталсан төлөвлөгөөний дагуу явагдана” гэв.