Жирэмсэн үед шүдээ авахуулахад аюултай эсэх талаар олон эмэгтэйчүүд асуудаг. Хэрэв танд ийм асуудал тулгарсан бол дараах мэдээллийг уншаарай. Shud.mn сайтын эмч нарын зөвлөгөөг хүргэж байна.
Жирэмсний явцад би шүдээ заавал авахуулах шаардлагатай юу?
Шүд авахуулах нь төрсний дараа хийх шаардлагатай шүдний эмчилгээний сонголтот ажилбаруудад хамаардаг. Гэхдээ шүдний цоорлын улмаас шүд маш хүчтэй өвдөж байгаа, шүдний орчимд халдварын улмаас идээлж хавдсан зэрэг нөхцөл байдлын үед яаралтай заалтаар шүдийг заавал авах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд шүд авах нь аюултай гээд шүдийг авахгүй бол шүдний орчмын халдвар нь харин жирэмсэн эхийн амь насанд жинхэнэ аюултай хүндрэл болж болзошгүй. Үүний зэрэгцээгээр шүдний өвдөлт нь эхийн амгалан тайван байдлыг алдагдуулж стрессийн шалтгаан болсноор эх болон урагт сөрөг үр дагавартай.
Жирэмсний явцад шүд авахуулахад тохиромжтой хугацаа хэзээ вэ?
Жирэмсний 1-р мөчлөгийн үе буюу 1–3 сарын хооронд шүд авах ажилбарыг аль болох гүйцэтгэхгүй байх нь чухал. Учир нь энэ үе шатанд ургийн эд эрхтнүүд эх сууриа тавьдаг. Хамгийн аюултай хугацаа нь жирэмсний 3–8 дахь долоо хоног бөгөөд энэ үед эрхтэн системийн ялгаран хөгжил явагдаж байдаг. Энэ үе шатанд шүд авахгүй байх нь эхийг амны хөндийн халдвараас сэргийлэх төдийгүй шүд авсны дараа хэрэглэх эмийн бодис урагт нөлөөлөхөөс сэргийлэх ач холбогдолтой. Ихэнхдээ эмэгтэйчүүд жирэмслэлтийн эхний 1–2 сард өөрийн жирэмсэн эсэхээ анзаардаггүй тул ерөнхийдөө нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд элдэв төрлийн эмийн бодис бичиж өгөхөөс болгоомжлох нь зүйтэй.
Жирэмсний хоёр ба гуравдугаар мөчлөгийн үед буюу эхийн хэвлийд ураг өсөж томрон бойжих бөгөөд 3-р мөчлөгийн үед (7–9 сар) шүд авах нь дутуу төрөлтөнд хүргэж болзошгүй эрсдэлтэй. Мөн жирэмсний хожуу үе шатанд жирэмсэн эх шүдний сандал дээр суух хөдлөхөд ч бэрхшээлтэй болдог нь шүд авахуулахаас татгалзах шалтгаан болно.
Шүдний эмч нар шүд авахуулахад хамгийн тохиромжтой хугацааг жирэмсний хоёрдугаар мөчлөгийн үе буюу 4–6 сар гэж үздэг. Хэрэв нэн яаралтай л биш бол шүд авахуулахыг аль болох яаралгүй төрсний дараа гүйцэтгэх нь хамгийн зөв хувилбар болохыг санах нь чухал.
Шүд авахуулах үедээ би юунаас болгоомжлох хэрэгтэй вэ?
1.Мэдээ алдуулах тариа
Шүдээ авахуулах шаардлагатай бол эмчдээ жирэмсэн гэдгээ заавал хэлэх хэрэгтэй. Шүдний эмч танд ашиглах мэдээ алдуулах бодисоо өөрчилж адреналин агуулаагүй лидокайн төрлийн мэдээ алдуулагч тариаг хэрэглэх болно. Жирэмсэн хүнд Prilocaine төрлийн мэдээ алдуулагч хэрэглэх нь төрөх хүүхдэд цусны эмгэг үүсгэх аюултай тул ашиглаж болохгүй гэдгийг анхаар. Жирэмсэн хүнд унтуулга (sedation) ба ерөнхий мэдээ алдуулалт хийхээс аль болох зайлсхийх нь зөв. Унтуулга эмчилгээний явцад diazepam ба midazolam хэрэглэх нь аюултай. Nitrous oxide бодис хэрэглэх нь эхийн витамин В12 ба фолийн хүчлийн бодисын солилцоог хямралд оруулна.
2.Антибиотик
Хүүхдийн шүдний өнгийг өөрчилдөг тул жирэмсэн эхэд тетрациклин төрлийн антибиотик огт хэрэглэж болохгүй.
3.Бусад эмийн бодис
Жирэмсэн эхэд дур мэдэн төрөл бүрийн эм бичиж өгч болохгүй. Эмийн бодис нь урагт нөлөөлж амьгүй төрөлт, уруул тагнайн сэтэрхий зэрэг сөрөг үр нөлөө учруулж болзошгүй. Аспирин болон бусад үрэвслийн эсрэг стеройд агуулаагүй эмийн бодис (NSAIDS)-ыг жирэмсний 3-р мөчлөгийн үед хэрэглэж болохгүй.
Эх сурвалж: shud.mn