Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм.
Манай сэтгүүлчид,уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхийн 100 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Уг өдрийг жил бүр өөр сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс”сэдвийн дор тэмдэглэж байна.
Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хотын захиргаатай хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум өнөөдөр /2018.05.03/ болно. Форумд “Хараат бус сэтгүүлзүй”, “Үндэсний сэтгүүл зүйн түүхэн замнал ба 105 жил”, “Сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн байдал, хандлага”, “Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэд хөгжил ба ойрын 10 жилийн зорилт” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, баяраа тэмдэглэх юм. Форумд 1000 гаруй сэтгүүлчид оролцох юм байна.