Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн сэтгүүлч М.Батдорж агсны үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор гэр бүл, найз нөхөд нь “Сэтгүүлч БАТДОРЖ сан”-г таван жилийн өмнө байгуулжээ. Тус сангийнхан “Хэвлэлийн эрх чөлөө” төрийн бус байгууллагатай хамтран сэтгүүл зүйн салбарт оюуны хөрөнгө оруулах, оюутнуудын бичлэгийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарладаг уламжлалтай.
Тав дахь жилдээ зохион байгуулж буй бичлэгийн уралдааныг энэ жил “Эх хэл-Монгол дархлаа” гэсэн сэдвээр зарлаж, их дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудаас 100 орчим бүтээл хүлээн авчээ. Эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд буюу “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөө”-ний өдрөөр олон нийтэд зарлаж, тэргүүн байр эзэлсэн оюутанд “Сэтгүүлч БАТДОРЖ” сангаас сургалтын бүтэн жилийн төлбөрийг гардуулан өгдөг юм. Мөн таван оюутанд тусгай байрын шагнал олгодог.
Энэхүү уламжлалын дагуу эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрт ХУИС-ийн Сэтгүүлзүйн III дамжааны оюутан О.Хандмаа, тусгай байр эзэлсэн МУБИС-ийн оюутан Ц.Чинзориг, Б.Гүнжид, МУИС-ийн Сэтгүүлзүйн II дамжааны оюутан Т.Энхнаранжав, Х.Үүрийнтуяа, ХУИС-ийн оюутан Б.Оргилмаа нарт сургалтын төлбөр, өргөмжлөл, мөнгөн шагналыг “Сэтгүүлч БАТДОРЖ” сангийнхан гардууллаа.
“Сэтгүүлч Батдорж” сангийн эссэ бичлэгийн уралдаанд өнгөрсөн хугацаанд нийт 560 гаруй оюутны 700 орчим бүтээл ирсэн байна. Үүнээс 31 оюутны бүтээлийг шилдэгээр шалгаруулж, 5 оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгоод байна. Мөн тус сан залуу сэтгүүлчдийг дадлагажуулах, сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсан сургалтыг явуулдаг юм.