Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзав. Аймгийн Засаг дарга Г.Ганболд уулзалтын эхэнд нутаг орны нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Сахилга, хариуцлагын жил” болгосон. Үүнтэй холбогдуулан нэгдүгээрт, төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хариуг нь тухай бүрт нь өгч байхыг Ерөнхий сайд онцгойлон анхаарууллаа.
Иргэдээс тавьсан аливаа асуудлыг “Судлая” гэж бөөрөнхийлөн цаг алдалгүй боломжтой, боломжгүйг шууд хэлж байх, гэхдээ аль болох шийдвэрлэхийн төлөө ажиллахыг үүрэг болголоо. Хоёрдугаарт, Засгийн газрын гол зорилго бол эдийн засгийн өсөлтийг хангах явдал гэдгийг хэллээ. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьдрал ахуй ямар байх нь төрийн албан хаагчид та бүхнээс ихээхэн шалтгаална. Тиймээс иргэдтэйгээ ойр байж, санал, шүүмжлэлийг нь ажилдаа тусгаж ажиллахыг албан тушаалтнуудад даалгалаа.
Аймгийн удирдлагуудын ажлын үзүүлэлтийг дүгнэхдээ хэр олон хүнийг ажлын байртай болгосон бэ гэдгээр дүгнэнэ.