Сунгалт хийгдсэн гадаад паспортаар холбоотойгоор олон нийтийн дунд ташаа ойлголт гарсан тул ГХЯ-наас тодруулга хийв.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан паспортад тавигдах стандартын тухай зөвлөмжид паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай заасан байдаг бөгөөд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх авах арга хэмжээний тухай 2016 онд баталсан S/RES/2309 (2016) тоот тогтоолд уг стандартыг хэрэгжүүлэх тухай заасан байдаг. Эдгээр баримт бичгийн дагуу Монгол Улс 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн иргэдийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоож, 5 жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспорт шинээр олгож эхэлсэн болно.
Дээрх хугацаанаас өмнө сунгалт хийлгэсэн гадаад паспорттай иргэдийн паспортын хувьд сунгалтын хугацаа нь дуусах хүртлээ хүчинтэй хэвээр бөгөөд гадаадад зорчих боломжтой.
Харин сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан, Израйль, Өмнөд Африк зэрэг улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол гарсан тул эдгээр улсад зорчих иргэд шинээр паспорт захиалан авах шаардлагатайг үүгээр дахин мэдэгдэж байна.
Гадаад харилцааны яамны зүгээс цаашид сунгалттай паспортаар нэвтрэх боломжгүй улс орнуудын талаарх албан ёсны мэдээллийг тухай бүр олон нийтэд хүргэх болно.
Энэ дашрамд дахин сануулахад гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалахыг зөвлөж байна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР