Нийгмийн даатгалын салбар хэлтсүүд ажлын ачааллын улмаас зөвлөгөө авахаар ирсэн зарим даатгуулагчид хүртээмжгүй үйлчлэх тохиолдол гардаг. Харин иргэд нарийн зохицуулалттай хуулийн асуудлаар тодорхой мэдлэггүйгээс болж юу бүрдүүлж, хаана хандахаа мэдэхгүй явсаар зарим төрлийн үйлчилгээг авч чадахгүй хохирох нь бий.
Тэгвэл нийгмийн даатгалын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор долоо хоног бүрийн даваа гарагт Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэд даатгуулагчиддаа нээлттэй ажиллаж, зөвлөгөө мэдээлэл өгдөг болжээ. Тус ажлыг эхлүүлснээс хойш одоогийн байдлаар 40 орчим иргэн өөрийн биеэр ирж, зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээ авсан байна. Иргэдийн дийлэнх нь тэтгэврээ тогтоолгохын өмнө бодолт хийлгэх, зөвлөгөө авах зорилгоор хандсан байна.
Даваа гараг бүрийн 09-17 цагийн хооронд НДЕГ-т очсоноор нийгмийн даатгалын тухай хууль, түүнд орсон нэмэлт өөрчлөлт, нийгмийн даатгалын үйлчилгээ, үйлчилгээ авахад шаардах нөхцөл болзол, бүрдүүлэх материал, нийгмийн хамгааллын олон улсын хэлэлцээр, шинэ болон цахим үйлчилгээ, байгууллагын үйл ажиллагаа, онцлох ажлууд болон цаг үеийн мэдээлэл зэрэг салбарын бүхий л мэдээллийг тодруулах, зөвлөгөө авах боломжтой юм байна. Нийгмийн даатгалын сангаас даатгуулагчдад 30 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг юм байна. Үүнд:
Тэтгэврийн даатгалын үйлчилгээ
-Өндөр насны тэтгэвэр
-Тахир дутуугийн тэтгэвэр
-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
Тэтгэмжийн даатгалын үйлчилгээ
-Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
-Оршуулгын тэтгэмж
Ажилгүйдлийн даатгалын үйлчилгээ
-Ажилгүйдлийн тэтгэмж
-Мэргэжил олгох давтан сургалтын зардал
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын үйлчилгээ
-Тахир дутуугийн тэтгэвэр
-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
-Тэтгэврийн даатгалын шимтгэл
-Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх төлбөр
-Урьдчилан сэргийлэх зардал
-Сувиллын зардал, сувилалд ирэх, очих унааны зардал
Сайн дурын даатгалын үйлчилгээ
-Өндөр насны тэтгэвэр
-Тахир дутуугийн тэтгэвэр
-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
-Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
-Оршуулгын тэтгэмж
-Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх төлбөр
-Урьдчилан сэргийлэх зардал
-Сувиллын зардал, сувилалд ирэх, очих унааны зардал
Даваа гарагийн зөвлөгөө өгөх өдрөөс гадна Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газар нь өдөр бүр зөвлөгөө мэдээлэл өгөх байцаагч томилон ажиллуулж иргэдэд үйлчилдэг юм байна. Түүнчлэн 77771289 дугаарын лавлах утсаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой тухай Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.