Монголын Үндэсний бөхийн холбооноос Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсон талаар мэдээллээ.
ИНЕГ энэ сарын 25 буюу баасан гарагт “Аваргуудын нэрэмжит үндэсний бөх”-ийн барилдаан зохион байгуулах гэж байгаа бөгөөд ингэхдээ Р.Нямдорж, Д.Данзан нартай хамтарч ажиллахаар гэрээ байгуулжээ.
Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нарын одоо хэрэглэж буй тамга тэмдгийг шүүхээс хүчингүй болгож, өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд элдэв үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шүүгчийн захирамж гарсан байна.
Энэхүү асуудлаар МҮБХ-ныхон ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, МИАТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр нарт шаардлага хүргүүлжээ.
Шаардлагадаа “Танай байгууллага “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” ТББ-ын нэрийг хууль бусаар ашиглан, иргэд, аж ахуйн нэгжүүдийг төөрөгдүүлж, хуурч мэхлэх үйл ажиллагаа явуулж байгаа тус холбоог төлөөлөх эрхгүй Ц.Магалжав, Б.Бат-Эрдэнэ нарын этгээдүүдтэй Хамтран ажиллах гэрээ хийж Аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг 2018 оны 5-р сарын 25-ны өдөр хууль бусаар зохион байгуулж, албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдлээ нэн даруй зогсоохыг танаас хүсч, энэхүү шаардлагыг хүргүүлж байна” гэсэн байна.