Д. Лүндээжанцан: Хал үзсэн хашир хуульчид ҮХЦ-д баймаар байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ш.Солонго, Ц.Нанзаддорж нарын хүмүүсийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томиллоо.

УИХ-ын гишүүд шинээр томилогдсон Үндсэн хуулийн гишүүдэд хандаж өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хал үзсэн хашир хуульчид Цэцэд баймаар байна. Үндсэн хуулийнхаа агуулга заалт бүрийг мэддэг, мөн чанарыг нь ойлгодог, дэлхийн хэмжээнд сэтгэдэг байх шаардлага тавигдаж байна гэдгийг хэлье. Ахмад хүмүүсээс нэрэлхэлгүй асууж мэд. Чөмөг дундалсан ажил шүү.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:Үндсэн хуулиа зарж идэхгүй байх сэтгэл гэдэг зүйл их хэрэгтэй дээ. Өнгө, мөнгөний л хорвоо боллоо. Тал талаас чинь асар их шахалт ирнэ шүү. Эрдэнэтийн асуудлаар Цэцийн гишүүдийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдсон байна лээ. Хүнд хэлэхийн аргагүй зүйл хийсэн байсан.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:Үндсэн хуулийн цэц нэр хүндтэй байх, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх боломжоо өнгөрсөн хугацаанд алдсан. Төрийн албанд ажилласан гэдэг шалгуураар орж ирдэг. Үндсэн хуулийн цэцийн томилгоог ярихад Төрийн өмчийн хувьчлалтай холбоотой асуудал энэ танхимд яригдаж байгаа нь Монгол төрийн эмгэнэл мөн. Нэр дэвшигчдийн анкеттай танилцсан. Зарим хүнд сэтгэл дундуур байсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг төрийн албанд ажилласан гэдэг шалгуурыг авч хаях ёстой. Энэ бол цэвэр мэргэжлийн хуульчдын ажил. Улстөрчдийн арын өрөөнд ҮХЦ-ийн цэцийн гишүүд согтуу битгий таараарай. Битгий энд тэнд улс төрчидтэй наймаа яриарай.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:Үндсэн хуулийн цэцийн дээр гагцхүү хөх тэнгэр л бий гэдэг. Үндсэн хуулийн цэц улстөржсөн байгууллага болж хувирсан гэх шүүмжлэл гарах болсон. Энэ байдал өнөөдрөөс эцэслэгдэх байх аа. Хариуцлагатай албандаа шударга ажиллаарай.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …