Тамхи татдаг 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна

Дэлхийн тамхины эсрэг өдөр жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тохиодог билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр ЭМЯ, СЭМҮТ, НЭМҮТ-өөс хамтран мэдээлэл хийлээ.

НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Д.Нарантуяа “Дэлхий даяар тамхины улмаас жил бүр эндэж байгаа 7 сая хүний амь насыг аврах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эдгээр амь насаа алдаж байгаа хүмүүсийн 6 сая нь тамхидалтаас, 890 мянга нь дам тамхидалтаас шалтгаалж нас барж байна. Дэлхий дээр 1.1 тэрбум гаруй хүн тамхи татдаг бөгөөд тэдний 80 хувь нь өвчлөл өндөртэй, бага, дунд орлоготой орнуудад амьдарч байна.

Монгол Улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд орж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр  дахин нэмэгдэж 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна.

Тухайлбал, 2013 онд хийгдсэн судалгаагаар нийт хүн амын 27.1 хувь нь, үүнээс эрэгтэйчүүдийн 49.1 хувь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг байна.

Судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын 1 нь гэртээ, 4 хүн тутмын 1 нь ажлын байрандаа тамхины утаанд өртөж байна. 2015 онд 2,186 хүн тамхинаас улбаат зүрх судасны өвчнөөр нас барсан байна. Үүний дотор зүрхний цочмог хомсдол өвчин 23.1 хувийг, харин харвалт 22.2 хувийг тус тус эзэлж байна” гэв.

ДЭМБ-аас улс орнуудад тамхины хэрэглээг бууруулахдаа цогц байдлаар хандаж, хууль тогтоомжид тусгах, хэрэгжүүлэхийг зөвлөдөг.

Үүнд:

-Тамхины татвар нэмж, үнийг жижиглэнгийн үнийн 70 хувьд хүргэх
-Тамхины хор хөнөөлийн талаар хүн амд тогтмол мэдээлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ;
-Тамхи татдаггүй олон нийтийн газар, ажлын байр, сургууль, цэцэрлэг, нийтийн тээврийн хэрэгсэл гэх мэт газрыг бий болгох замаар хүмүүсийг, хүүхдүүдийг тамхины утаанаас хамгаалах арга хэмжээ авах
-Тамхинаас гарахыг санал болгох, дэмжих бодлого барих (үнэ, хүн амын өргөн дэмжлэг, эрүүл мэндийн зөвлөгөө, төлбөрөөс чөлөөлөх гэх мэт);
-Тамхины хор хөнөөлийн талаар тогтмол сануулах, зөвлөх /тамхины хайрцаг дээр анхааруулга наах, стандарт савлагаа тамхи, дам тамхидалт/
-Тамхины зар сурталчилгааг ивээн тэтгэх, дэмжих, сурталчилахад хориг тавих .
-Дэлхий нийтээр тамхигүй өдрийг НҮБ-ын гишүүн улс бүр тэмдэглэдэг. 2018 онд хүн ам, олон нийтийн анхаарлыг тамхины зүрх судасны эрхтэн системийн байдалд сөрөг нөлөөлж, хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж байгаад анхаарал хандуулж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …