Ногоон бүсийн ойн санд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сибирийн хүр эрвээхий, өрөөсгөл хүр эрвээхийн устгал, тэмцлийн ажил тавдугаар сараас эхлэн явагдаж байна. Одоогоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын Хуандай, Дээндийн амны 1,500 га, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруунсалаа, Зүүн салаа, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайт, Хандгайтын богино, Шарга морьт, Хуурай мухарын амны 3,200 га талбайгаас өрөөсгөл хүр эрвээхийн өндгийг механик аргаар хусаж, цэвэрлэх ажлыг гүйцэтгээд байна.
Зургаадугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нийслэлийн Багануур дүүргийн зарим хэсэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг хамарсан зуслангийн бүсийн 2,500 га ойд авиахимийн (онгоцоор хор цацах) аргаар болон микробиологийн (үүргийн шүршигч багаж ашиглах) аргаар тэмцлийн ажлыг хийж байгаа тул иргэдийг зургаадугаар сарын 16-ныг хүртэл заагдсан бүсийн ойд зорчихгүй, хор цацсан ойгоос байгалийн дагалт баялаг самар, мөөг, жимс зэргийг түүж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Нийслэлийн ногоон бүсийн ойн санд газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр устгал, тэмцлийн ажил явуулахыг мэдэгдье. Эрвээхий нь модны иш холтос, хад асганы ангал завсарт, олширсон үедээ барилга байшингийн дээврийн хөндий, хана туурганд ч өндөглөдөг. Түүнийг хусаж, цэвэрлэхдээ амны хаалт, бээлий, битүү хувцас өмсөж цуглуулсан өндгийг газарт булах нь зүйтэй гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.